Йордан улсын Амман хотод энэ сарын 8-12-нд зохион байгуулах, 20 хүртэлх насныхны Азийн цомын аварга шалгаруулах урьдчилсан шатны эхний тэмцээнд Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан оролцоно. Манай тамирчид Ливан, Бутан, Йордан улсын шигшээтэй өрсөлдөх юм. Манайхан тэмцээний өмнө Малайзыг зорьж, бэлтгэлээ базааж байгаа. Тэмцээн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Ливан, Бутаны тамирчдын тоглолтоор эхэлж, Йордан, Монголынхоор үргэлжилнэ. Тэгвэл 10-нд Монгол-Ливан, Бутан-Йордан, 12-нд Монгол-Бутан, Ливан-Йорданы багийн эсрэг хийх тоглолтоор аварга тодруулах юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан Европын багтай анх удаа хүч үзэхээр болжээ. Тэд Испанийн “Валенсиа” клубийн хаалгач Георги Мамардашвили, Италийн “Наполи” клубийн Хвича Кварацхелиа нараар удирдуулсан Гүржийн хөлбөмбөгчидтэй Батуми хотод энэ сарын 25-нд тоглоно.