Шинэ гэж мартагдсан хуучин зүйлийг хэлдэг гэдэг. 19 жилийн өмнө нийгэмд тэсрэлт хийж, үзэгчдийг байлдан дагуулж байсан нэгэн жүжгийг “Мөрөөдлийн театр”-ынхан тайзнаа дахин амилууллаа. Зуслангийн тансаг орон сууцад амьдардаг нэгэн гэр бүлийн гишүүд ямар намаг балчигт шигдсэнийг ганц шөнийн дотор өрнөх үйл явдлаар уг жүжигт дүрслэн харуулдаг билээ. Улстөрчийг уяаны нохой, гэр бүлийнхнийг нь утсан хүүхэлдэй болгож, харцаараа хөдөлгөх нууц ноёнтны дүрийг бүтээсэн жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.
-“Шөнө буусан аадар” жүжиг үзэгчдэд хөшгөө нээлээ. Эл жүжиг өмнөх хувилбараасаа юугаараа ялгаатай вэ?
-Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны мэндэлсний 70 насны ой энэ онд тохиож буй. Энэ ойд зориулж жүжгийг шинээр найруулан, үзэгчдэд хүргэлээ. УДЭТ-ынхан 2004 онд эл жүжгийг “Шөнө амталсан нулимс” нэртэйгээр найруулан тавьж байсан. Н.Наранбаатар найруулагч нэг гэрт өрнөж буй үйл явдлыг Монгол Улсаар төсөөлүүлж харуулсан юм. Гэрийн эзний дээл, малгай, бүс нь үүнийг улам тодотгодог. Энэ удаа Э.Ёндоншарав найруулагч зохиолын судалгааг хийхдээ орчин цагийн хүний араншин ямар болсныг гаргаж тавья гэж шийдсэн. Тиймээс хүн хүнээ муучилж, “барьж идэж”, доош хийдэг. “Баярлалаа”, “Уучлаарай” гэдэг үг монгол хэлний үгийн сангаас хасагдсан мэт аяглах болсон өнөөгийн хүмүүсийн араншинг дэлгэж үзүүлэхээр зорьсон.
-Яагаад жүжгийн эх нэрийг нь сонгосон юм бол?
-Өмнө нь УДЭТ-ынхан “Шөнө амталсан нулимс” хэмээн зохиолын эх нэрийг нь өөрчилж тавьсан юм. Бид харин “Шөнө буусан аадар” хэмээх эх нэрийг нь сонголоо. Энэ нэр хамгийн оновчтой нь. Жүжигт гарах айлд, тэр тусмаа нийгэмд аадар бууж байна. Аадар бууж, аянга цахилж, тэр гэр бүлийн муу муухайг угааж, устгаж байна уу гэлтэй хурц үйл явдал өрнөнө, ирж үзээрэй.
-Уг жүжгийг 2004 онд олны хүртээл болгоход Монголын сор уран бүтээлчид тоглосон. Товчхондоо, хүмүүсийн зүрх сэтгэлд хэдийн хүрчихсэн бүтээл. Танай хамтлагийнхан жүжгийг сонгохдоо хэр судалж, төлөвлөж, бэлдэв?
-Зохиолын сонголт олон байлаа. Гэхдээ “Шөнө буусан аадар” нийгэмд хүрэх ёстой, “амьтай” зохиол учраас зориглон сонгосон юм. Өмнө нь энэ жүжиг нийгэмд асар их шуугиан тарьж, үзэгчдийг байлдан дагуулж байв. Жүжигчид нь ч дүрийг шаглаж, урлаж бүтээсэн. Өмнө нь бүтээсэн, чадсан зүйлийн араас тоглох хэцүү. Тиймээс бидэнд айдас бий. Гэхдээ жүжгийг 19 жилийн дараа буюу арай өөр цаг үед, өөр жүжигчид, өөр найруулагчийн тавилтаар үзэгчдэд хүргэж байна. Бүх хүчээ дайчлан, шатаж, бэлтгэлээ. Бидний энерги, хөлс хүч харагддаг бол тайзны өнцөг булан бүрт “нисэж, дүүлж” яваа.
-“Мөрөөдлийн театр”-ынхан уг жүжгийг шинэчлэн тавихаар найруулагч Э.Ёндоншаравыг урьжээ. Түүнийг сонгосон шалтгаан юу байв?
-ГИТИС буюу ОХУ-ын Театр урлагийн академийг дүүргэсэн Э.Ёндоншарав жүжгийг найруулсан. Найруулагч ГИТИС-д суралцахаасаа ч өмнө театртаа ажиллаж байсан. Сургуулиа төгсөж ирээд “Сычуанийн сайн хүн”-ийг найруулж, үзэгчдийг алга ташуулж чадсан шүү дээ. Тэрбээр шинэ цагийн театр ямар болж хөгжиж буй талаар бидэнд сургалт явуулж байгаа гэхэд болно. Түүнчлэн Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нарыг урьсан. “Мөрөөдлийн театр”-ын хамт олон жүжиг, жүжигчдийн багаа онож сонгосон гэж бодож байна.
-Хоёр давхар сууцын нэгдүгээр давхарт уужуу том зочны өрөө. Зочны өрөөний хананд уранзургууд өрөөстэй, тохилог буйдангууд, үнэтэй ваарсавнууд тавиастайгаар зохиолд гардаг. Эдгээр чамин дүрслэл, тансаг байдлыг тайзнаа хэрхэн харуулах бол?
-Нэг шөнийн үйл явдлыг хоёр цагт базаж, багтаасан. Гол нь найруулагч маш гоё гоё шийдлүүд харуулна. Мөн найруулагч, тайзны зураач нар тайз засалтыг асар их ярилцаж, нэлээд ажиллаж бүтээсэн. Бүгдийг нэгбүрчлэн хийгээд байна. Тиймээс үзэгчдэд гологдохгүй байх аа.
-Та “Шөнө буусан аадар”-т ямар дүр бүтээж байна вэ?
-Жүжиг нэг гэрт өрнөх боловч УИХ-ын гишүүн, биеэ үнэлэгч, хүйсээ солиулагч, араар тавигч, бизнесмен, тоглоомд донтогч хүү гээд олон дүр бий. УИХ-ын гишүүний ард нэг бизнесмен, эсвэл нүүрсний хулгайч бий гэдэг шиг үйл явдал хөвөрнө. Би тэр бизнесмен нь юм.