“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгаас гаргасан зөвлөмжийн дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын дарга, гишүүдтэй уулзан, дөрвөн багц асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тогтлоо. Үүнтэй холбоотойгоор Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Б.Отгонтөгс, О.Амартүвшин, Х.Ганбаатар нарыг баялгийн сангийн, О.Мөнхсайхан, С.Эрдэнэбат нарыг парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллахыг хүссэн юм.
Санал асуулгаар хамгийн өндөр дэмжлэг авсан сэдвүүдийн нэг нь ард иргэдийг төлөөлөн ажилладаг хянан шалгах, бие даасан тогтолцоо бий болгохтой холбоотой байсныг УИХ-ын дарга энэ үеэр онцолсон юм. Улмаар авлига, хээл хахуулийг үндсээр нь таслан зогсоох шийдэл, хууль тогтоомжийн төсөл боловсруулахыг холбогдох байнгын хороодын удирдлагад чиглэл болголоо. Ингэхдээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгахад анхаарч ажиллахыг сануулав. Түүнчлэн зөвлөлдөх санал асуулгын тайланг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг даалгалаа.