Зам, тээврийн хөгжлийн яамныхан Дэлхийн банкны төлөөлөгчидтэй өчигдөр уулзан, хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцлоо. Тодруулбал, тус банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт ба ложистикийг сайжруулах төсөл”-ийг эхлүүлэх талаар ярилцжээ. Уг төслийн хэлэлцээрийг УИХ-аар батлуулах ажил удааширч буй ч шуурхай шийдвэрлүүлэхэд анхаарахаа салбарын сайд дурдлаа. Дээрх төслийн хүрээнд улсын чанартай 311 км авто зам, таван байршилд төмөр бетон гүүрийн их засвар, Өвөрхангай аймгийн нутагт 15, Архангайд 35 км авто зам барих төлөвлөгөөтэй аж. Дэлхийн банкны төлөөлөгчдийн зүгээс ч Монголд барилга байгууламж барих хугацаа богино учраас төслийг шуурхай эхлүүлэхэд холбогдох яам, төрийн байгууллагууд анхаарч, төсөл хэрэгжүүлэх нэгж, удирдлага, багийг томилон, дадлагажуулах шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн төслийн нэмэлт судалгааны ажлыг хийх, барих авто замуудын байршлыг тодорхой болгохтой холбоотой заавар, зөвлөмж боловсруулахаар тогтсон гэнэ. Мөн хуурай боомт байгуулахад шаардлагатай хүний нөөцийг чадавхжуулах, туршлага судлахад эл банкнаас техникийн болон бусад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн тухай ЗТХЯ-наас мэдээллээ.