УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжигийн урилгаар ирэх сарын 1-5-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь УИХ-ын даргын түвшинд 2017 оноос хойш буюу зургаан жилийн дараа болох гэж буй албан ёсны айлчлал юм. Тус айлчлалын гол зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд манай хоёр орны харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааныхаа эрх зүйн орчныг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буй аж.
Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи, Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлагатай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөжээ. Мөн УИХ-ын дарга Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Я.Нишимүра, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын ерөнхийлөгч А.Танакатай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна.
Бэлтгсэн У.Наран