Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, ялангуяа Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа тошин, уулын гуу жалга, сайрын цас, мөс хайлж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер болох эрсдэл өндөр байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор уулын ам, гол усны ойр оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, мөсөө зайлуулж, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг дээрх газраас сануулав. Мөн бага насны хүүхдүүдээ гуу жалга, далангийн ойр орчим тоглуулахгүй байхыг зөвлөсөн юм. Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын хэмжээнд шар усны үерт өртөх магадлалтай 3000 орчим айл өрх бий гэсэн тооцоог 2019 онд гаргаж байжээ.