Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандан хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй байх зөвлөмж хүргүүлжээ. Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэтэл уг тогтоолыг зөрчих гэж буй талаарх мэдээлэл ХЭҮК-т цөөнгүй ирэх болсон аж. Зөвлөмжид зааснаар бол аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцсан нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ болох, эсэхийг хянаж, Засгийн газрын дээрх тогтоолыг зөрчсөн тохиолдолд хууль хяналтын байгууллагад мэдэгдэн, шалгуулах нь. Түүнчлэн сумуудын Засаг дарга нарт ийм үүрэг өгч, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Үүний мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллээ баримтын хамт 30 хоногийн дотор ХЭҮК-т ирүүлэхийг зөвлөмжид тусгасан байна.
Бэлтгэсэн М.Оч