Дундговь аймгийн Луус суманд энэ сарын 21-нд Т хэмээх залууг шатаасан хэрэг гарсныг бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэгт сэжигтнээр татан байцааж буй хоёр залуугийн нэг болох талийгаачийн хүргэн дүүг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьжээ. Тэрбээр талийгаачийн дүү охинтой гэрлэсэн, хоёр хүүхдийнх нь бага дөнгөж нэг сар гарантай аж. Тухайн өдөр хадам, хүргэн хоёр айл хэсэн, архи ууж явснаас ийм хэрэг үүдэн гарсан юм.
Хэргийн мөрдөн байцаалтын талаар тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаатараас тодруулахад “Дээрх хэрэгт холбогдуулж байцаалт авахаар хоёр хүнийг аймгийн төвд авчирсан байгаа. Талийгаачтай хамт явсан залууг нь хорьсон. Харин энэ хэргийн талаар хамгийн түрүүнд мэдсэн, тухайн хот айлын 21 настай залууг гадуур байцааж байна. Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй учраас мөрдөн байцаалтын талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Л.Аргамжин