Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг идэвхжүүлэх, жуулчдад ээлтэй, нээлттэй орон болох чиглэлд ихээхэн анхаарч эхэлсэн. Тэгвэл үүний хүрээнд чухам ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлж буй, цаашид юу хийхээр төлөвлөж байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Манай улс “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд гадаадын зочид, төлөөлөгчид, жуулчдыг хүлээж авах бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Үе үеийн Засгийн газар нэг сая жуулчин хүлээж авах мөрөөдөлтэй байсан ч зайлшгүй хийх шаардлагатай, реформын шинжтэй томоохон ажлуудыг орхигдуулж ирсэн. Харин бидний хувьд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэж үзээд реформын хэд хэдэн ажил хийхээр төлөвлөөд байна. Ингэхдээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд мөрдсөн Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулах замаар гол концепцуудаа тусгаж, реформын шинж чанартай томоохон өөрчлөлтүүдийг хийх суурийг тавих шаардлагатай гэж үзэж байгаа юм. Үүний хүрээнд Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулахаар төлөвлөсөн. Манай улс аялал жуулчлалаас тодорхой хэмжээний ашиг олдог ч эргээд тухайн салбартаа хөрөнгө оруулах тал дээр учир дутагдалтай ханддаг. Энэ нь аялал жуулчлал уруудах шалтгаан болсоор ирсэн. Тухайлбал, 2019 онд Монголд 577 мянган жуулчин ирж, 608 сая ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тооцоо судалгаа байна. Гэтэл БОАЖЯ-ны аялал жуулчлалд зарцуулах төсөв 1.4 тэрбум төгрөг байх жишээтэй. Тэгэхээр бид нэг жуулчинд ногдох, зарцуулах мөнгөн дүн хэд байх ёстойг олон улсын стандартын дагуу тооцоолж тогтоох ёстой юм. Дэд бүтцээ сайжруулах, нүхэн жорлонгоо халахаас эхлээд олон улс руу чиглэсэн маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэх гэхчлэн маш олон ажлыг цогцоор нь хийх шаардлагатай. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын асуудал яалт ч үгүй хөндөгдөнө. Тиймээс Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан зайлшгүй байх шаардлагатай. Ийм тусгай сантай болсноор аялал жуулчлалаас төвлөрүүлсэн орлогын тодорхой хувийг туссалбарыг хөгжүүлэхэд зарцуулах боломж бүрдэх юм.
Аялал жуулчлалын салбарт хийхээр төлөвлөж буй томоохон ажлуудаас дурдвал, нэн тэргүүнд эрх зүйн орчноо өөрчилж, сайжруулахыг зорьж байна. Хоёрдугаарт, нисэх онгоцны буудлуудыг өргөтгөж, олон улсын зэрэглэлтэй болгоно. Агаарын тээврийг либералчлахаасаа түрүүнд онгоцны буудлуудаа өргөтгөх хэрэгтэй. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шүү дээ. Монгол Улс өнөөдөр олон улсын нисэх онгоцны ганцхан буудалтай. Үүнээс болоод жуулчид санхүү болон цаг хугацаагаараа хохирдог. Говийн чиглэлд солонгос, япон жуулчид хамгийн их аялдаг. Тэд Монголын говьд очихын тулд яагаад заавал Улаанбаатарт, “Чингис хаан” нисэх буудалд бууж, тэндээсээ дахиад 600 гаруй км зам туулах ёстой вэ. Угтаа бол Даланзадгадын нисэхбуудлын зэрэглэлийг ахиулж, олон улсаас онгоц хүлээж авах чадвартай болгоход л энэ асуудал шийдэгдчихнэ шүү дээ. Тийм ч учраас Засгийн газар орон нутгийн долоон нисэхбуудлыг олон улсын зэрэглэлтэй болгох шийдвэр гаргасан. Ингэснээр жуулчид зорьсон газартаа шууд очих, орон нутгийн аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ. Гуравдугаарт, агаарын тээврийг либералчлах ажлыг эхлүүлнэ. Бид нэг компани дампуурчихна гэж айгаад бусдыг нь хязгаарлачихдаг. Өнгөрсөн хугацаанд яг л ийм бодлого баримталсан. Туркийн онгоцыг яагаад нислэг болон урсгал хязгаарлахгүйгээр явуулахгүй байна вэ. Гаднаас ирж байгаа урсгал их байж гэмээнэ жуулчны тоо нэмэгдэнэ шүү дээ. Иймд агаарын тээврээр ирж буй зорчигчдыг хүлээн авдаг олон улсын нисэх онгоцны буудлыг олшруулах, газраар жуулчин нэвтрүүлдэг хилийн боомтуудын хүчин чадал, чадавхыг сайжруулах чиглэлд анхаарч байна. Дөрөвдүгээрт, казино, бооцоот морин уралдааны газар байгуулахаар төлөвлөж буй. Засгийн газар үүнтэй холбоотой хуулиудыг өргөн барьсан. Энэ нь Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг бүрдүүлж, нөгөө талдаа жуулчид манай орныг зорин ирэх суурь нөхцөлүүдийн нэг болох юм. Тавдугаарт, аялал жуулчлалын холбоодыг нэгтгэнэ. Өдгөө энэ салбарт 52 холбоо үйл ажиллагаа явуулж байна. Тэднийг мэргэжлийн нэг холбоо болох шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэж чадвал төр тодорхой чиг үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлэх боломжтой. Аялал жуулчлал бол төрөөс хараат бус салбар. Тиймээс үүнийг төрөөс хараат болгох зохицуулалтыг эрх зүйн орчинд хийж болохгүй. Харин ч хараат бус байдлыг нь илүү бататгах чиглэлд анхаарах ёстой юм. Зургадугаарт, тусгай хамгаалалттай газруудыг зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр эдийн засгийн эргэлтэд оруулах ажлуудыг хийнэ. Монгол Улсын нийт газар нутгийн 21 хувь буюу 32.7 сая га газар тусгай хамгаалалтад байна. Хүн байтугай мал очоогүй газар өчнөөн. Энэ газруудад отоглох цэг байгуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого барьж байгаа. Хатгалаас Их тайга руу нисдэг тэргээр яагаад явж болохгүй гэж. Тухайн чиглэлүүдэд аяллын маршрут бий болгож, жуулчид тогтмол тээвэрлэх боломж той шүү дээ. Үүнийг эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх дэмжлэг гэж харж байна.
-Өмнө нь бид хугацаа заалгүй маш тодорхойгүй байдлаар “Нэг сая жуулчин хүлээж авна” гэдэг зорилт дэвшүүлдэг байсан шүүдээ. Гэтэл та бүхэн 2023 онд ийм тооны жуулчин хүлээж авна гэсэн өөдрөг бөгөөд маш том зорилт тавьчихлаа. Боломжтой гэж үү?
-Бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсыг зорилтот зах зээлээ болгосон. Өнөөдөр дэлхий дахинд хамгийн их аялж, мөнгө үлдээж байгаа нь хятад жуулчид. Тус улсад гадаад руу аялдаг 149 сая жуулчин байна. Харин ОХУ-д 42 сая жуулчин бий. Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс улбаатайгаар тус улсаас Европ руу чиглэсэн жуулчдын урсгал тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан. Үүнийг Зүүн Өмнөд Ази руу чиглүүлэх боломжтой. Манай улс энэ үед маш том транзит болох, мөн орос жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох замаар тэднийг татах бүрэн боломжтой гэсэн үг. БНСУ-ын хувьд 27 сая жуулчинтай. Үүний 16 сая нь жил бүр манай өмнөд хөршид аялдаг. Гэтэл Монголд ирдэг нь 100 мянгаас хэтэрдэггүй. Яагаад вэ. Бид үүн дээр төвлөрч ажиллах хэрэгтэй. Япон Улс 18-20 сая жуулчинтай. Тэд яагаад манай оронд ирдэггүй вэ гээд судлахаар өнөөх л агаарын тээврийн асуудал сөхөгддөг. Жуулчид нь “Жапан эйрлайнс” Монгол руу нислэг үйлддэггүй шүү дээ” гэж хариулдаг. Агаарын тээврийн либе ралчлалын хүрээнд “Жапан эйрлайнс”-ыг ма най улс руу нислэг үйлдүүлэхээр ажиллаж байна. “Туркиш эйрлайнс”-ыг хязгаарлалтгүй нисэх болом жоор хангачихлаа. Мөн Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Өнгөрсөн жил Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр талдаа нэг сая хүрэхгүй төгрөгөөр нислээ шүү дээ. Түүнчлэн МИАТ ХК АНУ руу нислэг үйлдэхээр болж гэрээ хэлцлээ хийсэн. Мөн “Катар эйрвэйз”-ийг Монголд оруулж ирэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Катар бол дэлхийн транзитын төв. Энэ транзит болон Персийн булангийн орнуудаас жуулчид хэрхэн авах вэ. “Катар эйрвэйз” нислэг үйлдсэнээр л тодорхой тооны жуулчид ирэх боломжтой. Үгүй бол 1-2 нислэг дамжиж таарна. Нислэг дамжих тусам зардал өснө. Үндсэндээ эдгээр дөрвөн орноос хамгийн багадаа нэг сая жуулчин хүлээж авах тооцоо гаргаад байна.
-Жуулчдын сонирхол, үзэж, мэдрэхийг хүсдэг зүйл харилцан адилгүй. Тухайн улс орны соёл, байгаль, цаг уур, аж амьдралын онцлог зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Тэгвэл зорилтот зах зээл бүхий эдгээр улсын жуулчдын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?
-Монгол орны хувьд маш тодорхой зүйл л дээ. Жишээлбэл, БНТУ Соёл, аялал жуулчлалын яамтай. Соёлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой гэсэн үг. Харин манайх Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай. Байгальд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, чиглэл үүний цаана бий.
БНСУ-ын жуулчид Монголд шоппинг хийх зорилгоор, эсвэл далай үзэх гэж ирэхгүй нь лавтай. Гагцхүү тэд онгон дагшин байгаль, зэрлэг амьтан, говь нутаг, тэнгэр бүрхсэн одод үзэх гэж л ирнэ. Энэ хүсэл сонирхолд ньтулгуурласан маршрутууд өнгөрсөн хугацаанд хэдийн бий болчихсон. Солонгос жуулчид хаагуур явдаг, япончууд аль нутгаар аялдаг нь маш тодорхой. Гол нь тэднийг аюулгүй, тав тухтай аялах нөхцөл бүрдүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай байна. Манай улсад 2022 онд 290 мянган жуулчин ирсэн. Тэднээс сэтгэл ханамжийн судалгаа авахад хамгийн их гонсойлгосон зүйл нь нүхэн жорлонгийн асуудал байсан. Бид энэ алдаа дутагдлаа засаж залруулах ёстой. Монгол орон өргөн уудам нутагтай учраас бүх газарт ариун цэврийн байгууламж байгуулах боломжгүй. Гэхдээ маршрут нь тодорхой болсон аялал жуулчлалын гол бүс нутгуудад жуулчид хоёр цаг тутамд буудаллах цэг байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Хувийн хэвшлийнхэн үүн дээр газрын асуудлыг нь шийдвэрлээд өгвөл хөрөнгө оруулж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж буй. Үүнийг боломжтой гэж харж байна. Мөн Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд бодлогын түвшинд дорвитой анхаарч эхэлсэн учир бид 2023 ондоо багтаад ядаж нүхэн жорлонгоосоо салъя гэдэг зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд үе шаттай ажлууд хийж буй. Боловсон ариун цэврийн байгууламж байгуулсан газрыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх замаар хөрөнгө оруулалтыг нь буцаан олгох зохицуулалтыг Аялал жуулчлалын тухай хуульд тусгасан. Мөн жуулчид хүлээж авах бэлтгэлээ базааж, нүхэн жорлонгоосоо даруй салах чиглэлийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн. Түүнчлэн тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны баазуудыг 2023 оны дөрөв дүгээр сараас өмнө нүхэн жорлонгоосоо салахыг шаардаж байгаа. Биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хувийн хэвшлийнхний зүгээс тавьж байгаа гол асуудлуудын нэг нь санхүүгийн дэмжлэг буюу зээл. Үүнийдагуу Засгийн газар аялал жуулчлалын салбарынханд 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээр олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой хэлцлийн ажлууд одоо үргэлжилж байна.
-Засгийн газар солонгос жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд үе шаттай арга хэмжээ авсан нь үр дүнд хүрч, түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гарсан. Цаашид үүнтэй төстэй, зорилтот зах зээлрүүгээ чиглэсэн арга хэмжээ авах уу?
-Сүүлд нэмэлтээр 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө. Ингэхдээ ДНБ-ий эзлэх хувь, тухайн улсын хөгжил зэргийг гол шалгуур болгосон. 1983-2000 онд төрсөн хүмүүс аялал жуулчлалын гол бүтцийг бүрдүүлж буй юм билээ. Жуулчлагч иргэд гэсэн үг. Энэ хүмүүсийн онцлог нь цахим орчноос шаардлагатай мэдээ, мэдээллээ авдаг. Хаашаа аялах, визтэй, эсэх, хэдэн цаг нисдэг, юу үзэж, сонирхох боломжтой зэрэг аялалтай холбоотой бүх зүйлээ интернэтээр судалдаг. Бидний зорилтот зах зээлээ болгоод буй дөрвөн оронд нийт 238 сая жуулчин бий. Үүний 121 сая нь дээрх насныхан. Тэгэхээр бид тэдэнд зориулсан таатай нөхцөлүүдийг бүрдүүлэх хэрэгтэй. “Амьдардаг талбарт” нь өргөн хүрээний үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Өмнө нь телевизээр сурталчилгаа гаргахыг илүүд үздэг байсан бол өдгөө цахимд ажиллах нь чухал болсон.
-Аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд улирлын хамааралгүй болгох нь чухал юм шигээ. Өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөв?
-Засгийн газар 2023 онд зохион байгуулах 68 эвентийг баталсан. Монголд зун, намар, өвөл, хавар очвол юу үзэх боломжтойг харуулсан төлөвлөгөө гэж ойлгож болно. Үүний дагуу өнгөрсөн нэгдүгээр сард Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баяр боллоо. Гадаадын23 жуулчин ирсэн гэдэг тоо байна. Ирэх сарын 2-4-нд Хөвсгөлд “Хөх сувд” болно. Ер нь цаашдаа бид Цагаан сарыг сурталчилсан арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй. Энэ баярыг ойлгохыг хүсдэг, бидний олж хараагүй өнцгөөс хардаг гадаадын иргэд байдаг. “Бүгдээрээ нэгнийдээ зочилдог хэрэг үү”, “Цагаан сарын үеэр очвол үйлчилгээний газрууд ажиллах уу” гэх зэргээр ихэд сониучирхдаг. Аливаа арга хэмжээг ганц удаа зохион байгуулаад өнгөрөх нэг хэрэг. Түүнийг тогтмолжуулах нь бас нэг өөр. Тогтмол нислэгтэй чиглэлд зорчигч урсгал нэмэгддэгийн адилаар эвентүүд тогтмол байж гэмээнэ түүнийг зорьж ирдэг гадаадынхны тоо тогтмолжино. Тиймээс аялал жуулчлалын эвент, арга хэмжээг тогтмолжуулах, олон улсад сурталчлах чиглэлд анхаарч байгаа. Монголд зочлох жил санаачилгын хүрээнд “Mongolia trav¬el guide” нэгдсэн цахим платформ хөгжүүлсэн. Цаашид үүгээр дамжуулж эвент, арга хэмжээгээ сурталчлах, олон улсын цахим платформуудтай холбогдох ажлыг хийхээр төлөвлөж буй.
-Визийн шаардлагаас чөлөөлөх зэргээр Монгол Улсын үүд хаалгыг гадаадын жуулчдад тодорхой хэмжээнд нээлттэй болгочихлоо. Харин тэдэнд наашаа ирэх сэдэл төрүүлэх үүднээс юу хийх юм бэ. Тодруулбал, гадаад маркетинг, сурталчилгаагаа ямар сувгаар, хэрхэн хийх вэ?
-Зорилтот зах зээл бүхий орнуудтай хамтын ажиллагаа, сурталчилгаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа. Манай улс өнгөрсөн жилүүдэд “ITB Ber¬lin” зэрэг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, яармагт оролцсоор ирсэн. Үүнд Монгол хэдэн төгрөг зарцуулсан, үр дүнд нь хэчнээн жуулчин ирсэн бэ гэдэг асуудал хөндөгдөж буй. Эндээс улбаалаад ер нь бид гадаадад зохион байгуулж буй үзэсгэлэн, яармаг болгонд оролцох ёстой юм уу, эсвэл дотооддоо өөрсдөө зохион байгуулах хэрэгтэй юү гэдэг асуулт гарч ирж байна. “ITB Berlin” бол нэг талаараа олон улсын арга хэмжээ боловч нөгөөтээгүүр Герман руу чиглэсэн томоохон урсгалыг бий болгож байгаа сурталчилгаа шүү дээ. Монголчууд заавал оролцох ёстой гээд л явдаг. Солонгос, япончууд ч зорьж очдог. Тус улсын хувьд үзэсгэлэн, яармагаараа дамжуулаад жуулчид хүлээн авч буй л хэрэг юм. Олон улсын арга хэмжээнд оролцох нэрээр маш их хэмжээний мөнгө гадагшаа урсгадаг. Тэр нь ямар ч үр ашиггүй байх вий дээ. Үүнийг бид ул суурьтай бодмоор санагддаг. Цаашдаа “ITB Berlin” шиг томоохон үзэсгэлэн, яармагийг эх орондоо өөрсдөө зохион байгуулдаг болох нь чухал.
Аялал жуулчлалын салбарт хэн ч яах вэ, хэзээ ч яах вэ, хаана ч яах вэ гэдэг бодлого баримталж ирсэн. Одоо үүнээсээ татгалзах хэрэгтэй. Бодлогогүй л гэсэн үг шүү дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд компаниуд нь ажиллаад, хаанаас ч хамаагүй жуулчин авчирдаг, төр нь нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй байж болохгүй. Хэнийг, хэзээ, хаана авчрахаа нарийн тооцоолж, төлөвлөх нь чухал. Гадаадын үзэсгэлэн, яармагт оролцсоноос нийгмийн сүлжээнд нөлөө бүхий юүтүбэр, инфлүүнсэрүүдээр Монголын тухай контент хийлгэвэл бараг илүү үр ашигтай, хүртээмжтэй. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Ten days ten friends” гээд нэвтрүүлэг байсан юм. Монголын инфлүүнсэрүүдийг говь, тал хээрийн нутгаар 10 хоног хөндлөн гулд аялуулж, үзэсгэлэнтэй, сайхан бүхнийг үзүүлж харуулдаг. Үүнийг бид олон улсын түвшинд яагаад хийж болохгүй гэж. Гадаадын инфлүүнсэрүүдийг ийм адал явдалтай аялалд хамруулах байдлаар олон улсад маркетинг хийж яагаад болохгүй гэж. Энэ сурталчилгаа тэднийг дагаж буй сая сая хүнд шууд хүрэх давуу талтай. Өнгөрсөн онд гэхэд БНСУ, БНХАУ, ОХУ-аас юүтүбэрүүд ирсэн. Ялангуяа солонгосоос давамгай. Тэд жуулчдын урсгалд ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд олон талын оролцоо чухал. Зөвхөн төр бодлого, шийдвэр гаргаад болчихгүй. Аж ахуйн нэгжүүд ч дангаараа мачийгаад нэмэргүй. Мэргэжлийн холбоод, орон нутгийн удирдлагууд ч тэрүүхэн тэндээ хичээгээд амжилт олохгүй. Тэгвэлэнэ олон талын оролцоог зохистой түвшинд хангах, эрэг шургийг нь тааруулах тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
-Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулах тухай өмнө нь дурдсан. Энэ холбоо Аялал жуулчлалыг хөгжүүлэх санг удирдана. Хоёрдугаарт, яамтай хамтран бодлого тодорхойлох юм. Аялал жуулчлал төрөөс хараат бус салбар учраас хараат болгох нөхцөл бүрдүүлэхгүй гэдэг гол зарчим баримталж байгаа. Эл салбарыг хөгжүүлэх чиглэлд Засгийн газраас эхлээд бодлого, шийдвэр гаргах дээд түвшний бүх байгууллага анхаарч, хөдөлж эхэллээ. Одоо аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатайгаар хөдлөх хэрэгтэй. Засгийн газар хэчнээн чухал шийдвэр гаргалаа ч түүнийг нь аж ахуйн нэгжүүд мөрдөж, хэрэгжүүлэхгүй бол нэмэргүй шүү дээ. Тиймээс аль аль түвшиндээ хөдлөх хэрэгтэй. Тэгж байж нэг сая жуулчин хүлээж авах зорилтдоо хүрч чадна.
Бид хувийн хэвшлийн компаниудтай маш өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Зорилтот орнуудын зах зээл хариуцсан, тэндээс жуулчин хүлээж авдаг компаниуд зөвлөл, холбоо байгуулаад, идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэллээ. Монголын хамгийн их утаатай, орчны бохирдолтой, хуурайшилт өндөртэй, жуулчид ирдэггүй гэдэг өвлийн улирлын ганцхан сар (2023 оны нэгдүгээр)-д 19 300 аялагч ирсэн байна. Бид энэ оны эхний таван сарын хугацаанд нэг сая жуулчныхаа 20 хувийг хүлээж авах зорилт дэвшүүлсэн. Хэрэгжүүлж чадвал маш том тоо. Харин аялал жуулчлалын оргил үе буюу зун 550 мянга, үлдсэн хугацаанд нь 200 мянга гаруй жуулчин хүлээж авах төлөвлөгөө гаргасан. Үүнийг биелүүлэхэд аяллын компани, жуулчны баазууд гол үүрэгтэй. Тиймээс тэдэнтэй маш сайн уялдаа холбоотой ажиллах чиглэл баримталж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Аялал жуучлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой тодор хой чиглэл, шийдвэрүүдийг орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн. Үйлчилгээний байгуулла гуудын цагийн хуваарь, нүхэн жорлонгийн асуудлыг цэгцлэх гэх мэт. Мөн БОАЖЯ стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчдэд нээлттэй болгох чиглэлээр ШТС-уудтай хамтран ажиллаж байгаа.
-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлөдгөө ямар шатандаа явна вэ. Хэлэлцүүлэг нь нэлээд өргөн хүрээд өрнөж байх шиг ажиглагдлаа?
-Аялал жуулчлал шууд болон шууд бусаар маш олон салбартай холбогддог, эдийн засгийн үр өгөөж нь бүх салбарт шингэдэг онцлогтой. Тиймээс эдийн засгийн тэргүүлэх салбарт тооцдог. Тэр үүднээсээ хуультай холбоотой нэлээд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөж байна. Салбарын мэргэжилт нүүдийн хэлж буйчлан хамгийн олон аж ахуйн нэгжийн оролцоотой, хамгийн олон салбарыг хамарсан нь магадгүй Аялал жуулчлалын тухай хууль байх. Хуулийн төслийг хаврын чуулган эхэлмэгц анхны хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж байна.
Засгийн газар, эсвэл салбарын сайд солигдоход өмнө нь хэрэгжүүлж байсан бодлого, шийдвэр, ажлууд замхардаг жишиг манай улсад бий. Дараагийн сайд нь ирээд “Уучлаарай, аялал жуулчлал тэргүүлэх салбар биш юм байна” гэж хэлэхийг ч үгүйсгэхгүй. Тэр үүднээсээ бид эрх зүйн орчинд тодорхой өөрчлөлт оруулж, реформын шинжтэй үйл ажиллагаануудыг заавал хуульд тусгаж буй. Өөрөөр хэлбэл, хүн дагасан биш, тогтвортой хэрэгжүүлэх суурь бодлого гаргахыг чухалчилж байна. Тэр бодлого дээр дараа нь хэн ирэх нь чухал биш. Энэ системийг л бүрдүүлэхийг зорьж буй юм.
-Манай улсад аялсан солонгос хосоос юунд сэтгэл ханамжгүй байгааг нь асуухад хог хаягдал, дэд бүтэц, хаяг, байршлын тэмдэг, тэмдэглэгээ зэргийг хэлж байв. Шинэ маршрут бий болгох чиглэлийн хүрээнд дэд бүтэц сайжруулах ямар ажлуудыг хийхээр төлөвлөж буй бол?
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороонд бүх сайд нар багтдаг. ЗТХЯ-ны түвшинд яг энэ асуудал хөндөгдөж байгаа. Манайхан бол замаа тавьчихаад, тэмдэг, тэмдэглэгээг нь нэлээд хожуу хийдэг. Жуулчны аюулгүй байдлыг хангах үүднээс үүнийг цаг тухайд нь, хугацаа алдахгүй байршуулах ёстой.
Жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйлсийн нэг нь хог хаягдлын асуудал яалт ч үгүй мөн. БОАЖЯ өнгөрсөн оны намар маш их хэмжээний хог түүлгэлээ. Нийт 1446 тонн хог цэвэрлэсэн байна. Аялал жуулчлалын жил болгож зарласных их цэвэрлэгээ хийчих хэрэгтэй. Цаг нь болчихсон юм билээ. Цагаан сарын өмнө айлууд гэрээ яаж зад цэвэрлэдэг билээ. Бид улсаа зад цэвэрлэж, хогноосоо салах хэрэгтэй.
-Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудал олон бий. Та салбарын сайдын хувьд нэн тэргүүнд, хугацаа алдалгүй шийдвэрлэх ёстой нь гэвэл тэдгээрээс алийг нь нэрлэх вэ?
-Эхний ээлжид ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, дотоодын агаарын тээврийн асуудлаа шийдэх нь чухал. Жуулчид зорьсон газартаа очихын тулд онгоцноос буугаад, дахиад 900 гаруй км зам туулдаг байж болохгүй шүү дээ. Дотоодын агаарын тээврийг хөгжүүлээгүйн улмаас бид тодорхой хэмжээний алдагдал хүлээж байгаа. Газраар 120 мянган төгрөгөөр явах уу, агаараар 700 мянган төгрөгөөр зорчих уу гэдэг сонголтын асуудал үүсдэг. Гуравдугаарт, авто зам дагуух газруудад буудаллах цэгүүд яаралтай байгуулах шаардлагатай. Дөрөвдүгээрт, үйлчилгээний байгууллагын соёл, хүний нөөцийн тал дээр хандлагаасаа эхлээд олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй байна. Худалдаа, үйлчилгээний газрууд “Бидэнд аялал жуулчлал, гадаадын иргэд хамаагүй” гэсэн байдлаар хандаж хэрхэвч таарахгүй. Тавдугаарт, одооноос бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Сая БНХАУ-ын хил нээгдэв үү, үгүй юү, “Хятадууд Монголоор дүүрлээ, яана аа” гээд л шуугиад эхэлсэн. Бодит тоог нь харахад 163-хан хятад иргэн ирсэн байгаа юм. Жуулчдыг ийм өнцгөөс харж, цэрвэсээр байвал аялал жуулчлал яаж хөгжих билээ. Жилд 40-70 сая жуулчин хүлээж авдаг БНТУ-д ямар нэг асуудал үүсээгүй л байна шүү дээ. Харин ч эдийн засаг нь тэлсэн. Дэлхийн хамгийн том авиа компанитай болсон. Тус улс өдгөө дэлхийн аялал жуулчлал, эдийн засгийн эргэлтийн төвд тооцогдож буй.
-Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадагшаа урсгаж буй долларыг Монголд үлдээх чиглэлд анхаарч байгаа юу?
-Манай улс цаг уурын хувьд ихээхэн онцлогтой. Дөрвөн улиралтай, жилийн нийт хугацааны найман сар орчимд гал түлдэг. Тэгэхээр хүйтэн сэрүүний улиралд дулаан орныг зорьж буй жуулчдын урсгалыг хаах тухай ярих нь утгагүй. Харин гадаадаас нэмж жуулчин оруулж ирэх асуудалд л анхаарах ёстой юм.
Монголчуудад нэг онцлог байдаг нь нэг газраа олон удаа очдог. Тайланд руу 10 гаруй удаа явсан байдаг ч юм уу. Гэтэл гадаадын жуулчид нэг газарт хоёроос дээш удаа барагтаа очдоггүй. Нэг удаа ирээд явсан жуулчныг дахиж авчрахад бус, харин түүний бусдад нөлөөлөх нөлөөлөлд анхаарах хэрэгтэй. “Монгол үнэхээр сайхан газар” гэх сэтгэл ханамж төрүүлэх, тэр сэтгэгдэл 10 найзад нь хүрч байх нь илүү чухал юм билээ. 30 гаруй оронд очсон, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт цөөнгүй жил ажиллаж байсан хүний хувьд ажиглах нь ээ, энэ онцлог (нэг газартаа хэдэнтээ очдог) монголчуудад л байдаг юм шиг. Өөрсдийнхөө хандлагаар гадаадынхныг харж болохгүй. Бидэнд маш хангалттай зах зээл бий. Хамгийн ойрын зах зээл болох дөрвөн оронд л 238 сая жуулчин байна шүү дээ. Бид үүний өчүүхөн бага хувийг нь л эх орондоо хүлээж авах тухай ярьж байгаа.