Татварын албанаас үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан “Татвар төлөгчийн бүртгэл”, “Хувь хүний орлогын албан татвар”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль” гарын авлагыг брайл бичгээр гаргасан байна. Азийн хөгжлийн банкны “Төрийн нөөцийн менежмент, хувийн хэвшлийн хөгжил, санхүүгийн салбарын хөгжлийг бэхжүүлэх” төслийн хүрээнд эдгээрийг боловсруулан, хэвлүүлсэн аж. Харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, татварын талаар мэдээлэл авах боломж бүрдүүлэх зорилгоор уг ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Гарын авлагыг ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд, бүх нас, ажил, мэргэжлийн хүмүүст ойлгомжтой, энгийн байдлаар боловсруулсан гэнэ. Ташрамд дурдахад, манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 106 169 иргэн байгаагийн 11 695 нь харааны бэрхшээлтэй аж.