“Улаанбаатар, Чунчин хотын хооронд байгуулсан Ах, дүү хотын харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр хотын бодит харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ах, дүү хотын харилцааны хүрээнд бид соёл, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Тухайлбал, хотуудынхаа соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулдаг болох, аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гаргах талаар хэлэлцсэн. Тэр тусмаа 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран сонирхолтой маршрутуудыг санал болговол үр дүнтэй, оновчтой гэж харлаа”.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотын дарга Ху Хэнхуатай уулзаж, боловсрол, эдийн засаг, худалдаа, технологи, соёлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, тэлэх талаар ийнхүү онцоллоо.