Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны уулзалт өнгөрсөн лхагва гарагт өндөрлөсөн. Үүнтэй холбоотойгоор тус санал асуулгыг зохион байгуулж буй Зөвлөлдөх зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тэд Үндэснийстатистикийн хорооноос ирүүлэх дүнг өчигдөр хүлээн авч, асуулт тус бүрээр зөвлөмж боловсруулан, даваа гарагт УИХ-ын даргад өргөн барихаа онцолсон юм. Санал асуулгын үйл явцыг хянаж, ажиглагчаар ажилласан болон оролцогчдын төлөөлөл уг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгч, хууль, журмын дагуу болсныг тэмдэглэж байв. Төрийн ордонд болсон хоёр дахь шатны уулзалтад оролцсон, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ж.Эрдэнэтэй ярилцлаа.
-Төрийн ордонд болсон хоёр дахь шатны уулзалтын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
- “ Зөвлөлдөх санал асуулгад оролцохоор санамсаргүй түүврийн аргаар сонгогджээ” гээд надтай холбогдоход нь ямар арга хэмжээ болдгийг сонирхож, танилцах гээд оролцлоо. Манай 33 дугаар хэсэг (оролцогчдын 15, 15-аар нь 54 хэсэгт хуваасан)-т Улаанбаатар хотоос хоёр хүн л байсан. Бид өгөгдсөн сэдвийн хүрээнд ярилцсан. Өөрөөр хэлбэл, өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаа биш, зохион байгуулагчдын бэлтгэсэн сэдвийн дагуу мэдээлэл сонсож, саналаа хэллээ. Оролцогчдод мэдээлэл өгсөн хүмүүс нь их, дээд сургуулийн багш, доктор, профессор байсан. Харин шийдвэр гаргах түвшний хүмүүс байгаагүй. УИХ-ын дарга гэхэд нээлтийнх нь үеэр л үг хэлсэн. Бидэнд мэдээлэл өгсөн хүмүүс нь тухайн асуудлаараа гадаадын туршлагыг нэлээд ярьж, ийм, тийм байдаг гэж тайлбарласан. Нөгөө талаас орон нутгаас олон хүн оролцсон учраас замын зардал, байр, хоолонд гээд нэлээд мөнгө зарцуулсан болов уу.
-Ийн мэдээлэл өгсний дараа таны байр суурь хэр өөрчлөгдсөн бэ?
-Анхны санал асуулгыг надаар шууд бөглүүлж байсан л даа. Тухайн асуудлаар ойлголт муутай хүн олон байсан байх. Асуултуудын зарим нь ч уншихад шууд ойлгогдохоор байгаагүй. Харин хоёр дахь шатанд тодорхой ойлголт өгчихөөд санал асуулга авсан учраас илүү үр дүнтэй байсан болов уу.
-Үндсэн хуулийг өөрчлөх, эсвэл бүр шинээр батлахын тулд эл зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна гэж хардаж буй хүмүүс бий. Үндсэн хуулийг шинэчлэх, эсэхтэй холбоотой асуулт байсан уу?
-Төрийн ордонд болсон хоёр дахь өдрийн хэлэлцүүлэгт тиймэрхүү асуулт гарч ирсэн. Гэхдээ хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх, эсвэл шинээр батлахыг төдийлөн дэмжихгүй байх шиг санагдсан. Харин өмнө нь баталсан нэмэлт, өөрчлөлтөө хэрэгжүүлэх нь зүйтэйг хэлэх хүн нэлээд байлаа.
-Чухам ямар асуулт байсан талаар тодруулж болох уу?
-Ер нь асуултуудын заримаас нь хэлье л дээ. Тухайлбал, төрийн хянан шалгах тогтолцоог бүрдүүлэхийн тулд одоогийн аудитын болон авлигын эсрэг ажилладаг байгууллагыг нэгтгэх шаардлагатай, эсэхийг ярилцсан. Оролцогчид энэ сэдвийг тойрч нэлээд маргалдсан. Ийм байгууллагатай болохын оронд АТГ-ын мөрдөгчдийн тоог нэмэх нь зүйтэй гэдэг саналыг цөөнгүй хүн хэлж байна лээ. Харин Үндсэн хуультай холбоотой асуудлуудын талаар “Парламентын ардчилал” сэдвийн дагуу ярилцсан юм. “Парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх үү” гэдэг асуулт байсан нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх үү гэсэн үг л дээ. Миний анзаарснаар оролцогчид үүнийг дэмжихгүй байх шиг санагдсан. Эцэст нь хэлэхэд, бидний санал дараагийн шийдвэрт хэрхэн тусахыг сайн мэдэхгүй юм.
Бэлтгэсэн Б.Уран