Малайз улсын Куала-Лумпур хотод Азийн хөлбөмбөгийн холбооны элит эмэгтэй талбайн шүүгч болон туслах шүүгч нарын сургалт болжээ. ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны элит туслах шүүгч, Монголын хөлбөмбөгийн холбооны А ангиллын шүүгч Ө.Батцэцэг үүнд хамрагдлаа. Сургалтын үеэр эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг шүүн явуулах Азийн хөлбөмбөгийн холбооны шүүгчдийг зарласан байна. Тэрбээр Тайланд улсад болох 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн Азийн цомын аварга шалгаруулах урьдчилсан тэмцээнд шүүгчээр ажиллахаар болжээ. Ташрамд дурдахад, Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан Испанийн “Валенсиа” клубийн хаалгач Георги Мамардашвили, Италийн “Наполи”- гийн Хвича Кварацхелиа нараар удирдуулсан Гүржийн шигшээгийнхэнтэй анх удаа тоглох нь. Дэлхийн чансааны 78-д жагсдаг тус улсын шигшээ багийн эсрэг хийх албан ёсны нөхөрсөг тоглолтыг ирэх сарын 25-нд Батуми хотод зохион байгуулахаар товлосон байна.