Такси үйлчилгээ эрхлэгч, Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Наранбаатартай ийн ярилцав.
-Та таксины 12 000 төгрөгөө бэлнээр төлөөд өгөөч.
-Бэлэн мөнгө алга, данс руу нь шилжүүлье.
-Үгүй ээ, бэлнээр л авмаар байна. Би такси үйлчилгээ эрхлэхийн зэрэгцээ орон нутаг руу бөөний бараа борлуулж, шууданд дайж өгдөг. Дансанд багагүй мөнгө орж, гардаг. Гэтэл тэр мөнгөнөөс хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) авна гэх юм.
-Хэдэн төгрөгөөс дээш дүнтэй орлогоос ХХОАТ авна гэнэ, хаанаас ийм мэдээлэл авав.
-Хүмүүс яриад байна. Хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулдаг шиг, харилцах дансныхаас авна гэнэ лээ хэмээв.
Баянгол дүүргийн “Баянгол” худалдааны төвд бэлэн хувцас борлуулдаг нэгэн бүсгүй “Дансны гүйлгээгээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хялбар тодорхойлж болно шүү дээ. Миний борлуулалтын орлогын мэдээлэл посс машин болон харилцах дансны гүйлгээнд тодорхой бий. 10 саяас дээш орлого олбол 10 хувийг нь татварт суутгуулахыг манай дүүргийн татварын албанаас тодорхой мэдээлсэн. Тиймээс би болон манай худалдагчид бэлэн мөнгөөр гүйлгээ хийхийг чухалчлах боллоо. Үйлчлүүлэгчдийн 90 хувь нь данс руу мөнгө шилжүүлэх гэдэг нь төвөгтэй байна” гэсэн юм.
Энэ оны нэгдүгээр сараас иргэдийн цалин болон шууд бус орлогод татвар ногдуулахаар болоод буй билээ. Тодруулбал, хувь хүний орлогын албан татварын шатлалыг бий болгож, цалин, шууд бус орлогод татвар төлөх үүрэг хүлээлгэсэн. Хэрэв иргэдийн нэг сарын цалин 10 саяас дээш төгрөг бол илүү гарсан хэмжээний 15, 15 саяас дээш бол 20 хувьтай нь тэнцэх татвар ногдуулах юм. Эл татварыг шууд бус орлогод мөн хамааруулахаар заасан. Үүнээс шалтгаалан иргэд, худалдаа наймаа эрхлэгчид дээр дурдсан шиг дансаар гүйлгээ хийлгэх, улмаар орлогоо тайлагнах дургүй байна гэхэд болно. Мөн шууд бус орлого гэдэгт юуг хамааруулах, түүнийг хэрхэн тооцохыг мэдэх хүн бараг алга. Энэ талаар Баянгол дүүргийн XVIII хороонд бага хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшин, түрээслүүлэгч С.Б “Иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогыг хянах, татвар нэмэх л бодлого баримтлаад байна. Манайх 50 ам метр арай хүрэхгүй цайны газартүрээслүүлдэг. Түрээслэгчид нь үйлчилгээндээ и-баримт олгон, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж журмын дагуу ажилладаг. Би түрээсийн орлогоо үл хөдлөх хөрөнгийн татвар төлөх, цайны газартаа засвар, үйлчилгээ хийх, ус, хогны төлбөрт зарцуулаад лтаардаг. Зардлаас илүү гарах орлого буюу түрээсийн цэвэр ашиг нь сард нэг сая хүрэхгүй байх. Хэрэв би түрээсийн төлбөрөө бэлэн мөнгөөр аваад байвал хэн ямар орлого олж буйг хэрхэн мэдэж, баталгаажуулах билээ, ийм сэдэл төрж байна” гэв.
Энэ нь хүмүүс татварын талаарх мэдлэг, ойлголт муу, тэдэнд зориулсан мэдээлэл хомс байгаагийн илэрхийлэл. Татварын ерөнхий газар болон дүүргийн Татварын хэлтсүүдийн мэргэжилтнүүд тийм хууль журамд, тэгж заасан хэмээн албаны үгээр бамбай хийн, иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байна. Зарим иргэн, жижиг, дунд бизнес эрхлэгч дансны гүйлгээгээ хязгаарлан, аль болох бэлэн мөнгөөр харилцахыг чухалчилж байгаа нь нэмж ямар нэгэн татвар төлөх нөхцөл бүрдүүлэхээс болгоомжилсон хэлбэр. Тэгвэл бэлэн мөнгөний гүйлгээ идэвхжих нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх, эсэхийг Төвбанкнаас тодруулахад “Бэлэн мөнгөний гүйлгээ нэмэгдэх нь эдийн засагт нөлөө үзүүлэхгүй гэхэд болно. Зах зээлд нийлүүлсэн мөнгөний зарим нь данснаас дансанд, зарим нь бэлэн мөнгөөр эргэлдэнэ л гэсэн үг. Одоогоор иргэдийн дансан дахь хадгаламжийн хүүгийн орлогод л 10 хувийн татвар авч буй. Өөрөөр аль ч төрлийн дансны үлдэгдэлд ямар ч суутгал, шимтгэл ногдуулахгүй байгаа” гэлээ. Тэгвэл эдийн засагч Н.Энхбаяр “Мөнгийг дансаар, эсвэл бэлнээр гүйлгээнд оруулах эдийн засагт ямар нэгэн нөлөө байхгүй. Хамгийн гол нь татварын асуудал л чухал байна. Иргэдийн цалингаас гадна шууд бус орлогыг шатлан тооцоод энэ оноос 15-20 хувийн татвар ногдуулах хуулийг мөрдөж эхэлсэн. Цалингийн орлого бол тодорхой. Харин шууд бус орлогод юуг хамруулах талаар мэдээлэл хомс байна. Тиймээс ийм хардлага төрүүлээд буй юм. Шууд бус орлогыг юугаар баталгаажуулах, эсвэл шууд бус орлогоос юуг чөлөөлөх вэ гэдгийг энгийн үгээр, тодорхой тайлбарлаж өгөх нь зүйтэй. Үүнд л хариулт хэрэгтэй” хэмээн ярив. Тэгвэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийнхэн “Иргэдийн дансны гүйлгээг хянан, түүнд татвар ногдуулдаг улс орон байхгүй. Харин иргэний цалин, үйл ажиллагааны болон хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, шууд бус орлого, бусад гэсэн зургаан төрлийн орлогоос татвар төлнө. Худалдаа эрхлэгчийн орлогыг үйл ажиллагааныхад, орон сууц түрээслэгчийнхийг хөрөнгийн орлогод тооцно. Эдгээр орлогыг иргэд өөрсдөө тайлагнан, татвараа төлнө гэсэн үг. Харин цалин хөлсний болон шууд бус орлогын хэмжээнээс шалтгаалж, илүү гарсан дүнгээс 15-20 хувийн татвар төлнө. Шууд бус орлого гэдгийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд тодорхой заасан” гэсэнтайлбарөгчбайлаа.