Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийжбуй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өчигдөр тус улсын Гадаад хэргийн сайд Пак Жинийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад хэргийн сайд Пак Жинтай түүний өнгөрсөн онд Монголд хийсэн албан ёсны айлчлалын дараа Сөүл хотноо дахин уулзажбуйд баяртай байгаагааонцлов. Мөнхоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгоход анхаарч байгаад талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын нэг сая жуулчин авах зорилт тавин ажиллажбуйг дурдаад, энэхүү айлчлалын үеэр Монголд зочлох жилийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Монголд тавтай морилно уу” арга хэмжээг зохион байгуулжбайгааг онцолсон. Түүнчлэнхоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, цаашид харилцан визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх талаар талууд илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Тэгвэл БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд талуудын Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд бодит үр дүн гаргахын төлөө биечлэн анхаарч ажиллажбуйгаа тэмдэглэв.
айлчлалын хоёр дахь өдөр мөн Монгол, Солонгосын бизнесийн байгууллагуудын төлөөлөл ажил хэрэгч уулзалт хийсэн юм. Үүнд БНСУ-ын талаас “К bank”, KT групп, “Samsung C&T”, “Hyandai E&C”, “Dae¬woo E&C”, “Shinhan financial group”, “Asan medical center”, “Emart”, “Highland” зэрэг 20 гаруй томоохон компанийн төлөөлөл оролцлоо. Тэгвэл Монголын талаас MCS, “Таван богд”, “Моннис”, “Шунхлай холдинг”, “Алтан жолоо” групп, “G-Mobile”, “UB cab” зэрэг компанийн төлөөлөл оролцов.
Судалгаагаар хоёр улсын гадаад худалдааны хэмжээ жилийн 460 сая ам.долларт хүрчээ. Тэгвэл эл дүнг нэмэгдүүлэхэд нөлөөтэй, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд Монгол, Солонгосын бизнес форумыг өчигдөр мөн зохион байгууллаа. Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд болсон, Монголын 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөл, тэр дундаа 14 нь топ 100 компанийнх байсан эл форумын нээлтийн ажиллагааны үеэр Солонгос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Ким Ёнг Хүн “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг үг бий. Монгол Улс, БНСУ бие биенээ дэмжин, хамтран ажиллах боломжтой” хэмээн тодотголоо. Түүнчлэн БНСУ-ын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Жонг Дэ Жин “Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр улс орнуудын инфляц өсөж байна. Ийм үед улс орнууд хүчээ нэгтгэж, тулгарч буй олон асуудлыг шийдэх хэрэгтэй” гэж онцлов. Монгол Улс дэлхийд эхний 10-т багтах байгалийн баялагтай бол БНСУ нь технологийн арвин туршлагатай. Иймээс хоёр талхамтын ажиллагааны шинэ хуудас нээх боломжтой, тэр дундаа гурван чиглэлээр хамтран ажиллах боломж бий хэмээн үзэж буйгаа Жонг Дэ Жин өгүүлсэн. Тухайлбал, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйлажиллагаа явуулахыг энд дурдаж болох аж. Бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд БНСУ-ын ноу-хау, хөрөнгө оруулалт, дэвшилт технологи нэвтрүүлэх нь ач холбогдолтой нь тодорхой. Солонгосын талаас төр, хувийн хэвшлийн 110 байгууллагаас оролцсон нь эл форумд ихээхэн ач холбогдол өгснийг илтгэх болов уу.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү форумын нээлтийн үеэр “Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ой удахгүй тохионо. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын найрамдалт харилцаа өндөр түвшинд хүрсэн. Ялангуяа хоёр улсын Засгийн газрын хооронд стратегийн найрамдалт харилцаатай. Энэхүү айлчлал шинэ 30 жилийг эхлүүлэх хэлэлцээр гэж ойлгож болно. Айлчлалын гол зорилго нь зөвхөн хоёр улсын төр, засгийн харилцаанаас илүүтэйгээр ирэх 30 жилд соёл урлаг, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэн, иргэд хоорондоо улам хамтарч ажиллах 30 жил болоосой гэж хүсэж байна” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр гуравдагч хөршийн бодлогын хувьд БНСУ хамгийн дотнын улс гэдгийг дурдаад, Монгол Улс хоёр орны дунд оршдог, далайд гарцгүй (landlocked), нөгөөтээгүүр, нэг талд дайн, нөгөө талд цар тахал тархсан амаргүй жилүүд өнгөрсөн ч “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлснээр үр дүн гарч буйг тэмдэглэлээ. Эл бодлогын хүрээнд манай улс уул уурхайн салбарын хөгжлөө эрчимжүүлэхийг зорьж буй. Тус салбарыг хөгжүүлэх өргөн боломж бий, тухайлбал, Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг ирэх сард эхлүүлэхээр буй нь Монгол Улс түнш орнуудтай харилцан ашигтай ажиллаж чаддагийн жишээ. Цаашид газрын ховор элемент, уран зэргийг ашиглахад ч хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг БНСУ-ын бизнес эрхлэгчдэд дуулгав.
Амар тайван цагт болж байсан өмнөх форумуудаас энэ удаагийнх цар тахлын дараахгэдгээрээонцлогтойгЕрөнхий сайд тэмдэглээд, өдгөө улс орнууд боломж, нөөцүүдээ хамтдаа ашиглах цаг ирсэн, иймээс БНСУ-тай улам идэвхтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, хэдийгээр Монгол landlocked улс ч парламентын ардчилсан тогтолцоотой, зах зээлийн чөлөөт эдийн засагтай, mindlocked орон биш гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй байхыг эрмэлзэж ирснийг илэрхийлсэн хэрэг. Талууд эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл гаргаж, харилцан ашигтай худалдааны нөхцөлийг тохирох зорилго агуулж буй нь анхаарал татаж байна.
БНСУ-ын Гадаад хэргийн сайдын өгүүлснээр Бусан нь БНСУ-ын хоёр дахь том хот бөгөөд монгол иргэд олноор зорчдог аж. Тэрбээр “Дэлхийн экспо-2030”-ийг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө Бусан өрсөлдөж буйг дээр дурдсан уулзалтын үеэр онцолсон. Эл сонгуульд Монгол Улс Бусан хотыг дэмжихийг хүссэн юм. Тэгвэл Монгол, Солонгосын бизнес форумын үеэр манай улс БНСУ-ыг дэмжихээ илэрхийлэхэд оролцогчид ихэд талархан хүлээн авч байлаа. Монголын айлчлалын багийн бүрэлдэхүүн Бусанд очин, хамтын ажиллагааны газрын төлөөллүүдтэй нь уулзах агаад Номхон далайтай холбогдох хамгийн ойрын гарц бол эл хот хэмээн үзэж буй юм байна. Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч гурав дахь хөрш болсон БНСУ-тай харилцаагаа илүү хөгжүүлэх замаар дэд бүтцийн сул талаа нөхөх боломжийг эрэлхийлж байгаа нь энэ.
Хоёр тал бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гарч буй саад бэрхшээлийн талаар илэн далангүй санал солилцож, эдийн засгийн харилцаа, түүний дотор уул уурхай, аялал жуулчлал, банк санхүү, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцсан энэхүү бизнес форумын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа”, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Монголын бизнесийн орчин”, Солонгосын олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгээс “Монгол, Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны өнгөрсөн 33 жилийн ололт, амжилт ба түншлэлийн хэтийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан. Манай улсын зүгээс хувийн хэвшил хоорондын харилцаа шинэ шатанд гарахад дэмжлэг үзүүлэхийг онцлоод, газрын ховор элемент, зэс, жонш олборлох, боловсруулах чиглэлд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр 1990 оноос хойш БНСУ-аас манайд оруулсан хөрөнгө оруулалт 595 сая ам.долларт хүрсэн аж. Гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого баримталж буй Монгол байршлын хувьд хоёр том зах зээлийн дунд оршдог, байгалийн баялаг ихтэй, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой зэрэг давуу талтай гэдгийг форумын үеэр Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдад дуулгасан. Мөн газрын ховор элементийн орд шинээр нээж илрүүлэх, илрүүлснээ ашиглах боломжтойгоос гадна Монгол нь зэсийн нөөцөөр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг тул эл металлыг олборлох төслүүд хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа ч дуулгаж амжив. Дэлхийд зэсийн хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ-тай хиллэдэг нь манай улсын бас нэгэн давуу тал билээ. Бас нар, салхи, нүүрсний арвин нөөцтэй ч гадаадаас цахилгаан худалдан авдаг тул эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах шаардлага бийг ч хэлж байлаа. Мөн санхүүгийн салбарт хөрөнгө оруулах боломжтойг форумын оролцогчдод илэрхийлэв.
Сайд Ж.Ганбаатарын өгүүлснээр манай улс 1990 оноос хойш газрын ховор элементийн ганц буюу Улааны ордыг л нээжээ. Харин цаашид ийм элементийн хайгуул хийх, олборлох гээд аль ч түвшинд хөрөнгө оруулж болохыг хэлэхийн сацуу төмрийн хүдрийн илэрц бийг ч дурдсан юм. Бас уран, алтны салбарт хөрөнгө оруулах боломж нээлттэй, боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулсан хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэхэд анхаарч байгаа, ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтад оролцож болохыг хэлээд, ирэх аравдугаар сарын 9-13-нд болох “Mongolian mining week” арга хэмжээнд урилаа.
Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар тус улсын хувийн хэвшлийн төлөөлөлд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой форумын дараа бизнес эрхлэгчдийг тусгайлан уулзах боломжоор хангасан юм. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн, мөн Казиногийн холбооны ерөнхийлөгч Чой Сон Үг нар бараалхлаа. Үүнээс гадна өчигдөр “Hyatt” зочид буудалд “Welcome to Mongolia” арга хэмжээ зохион байгуулав.