Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж буй монголчууд тэтгэврээ тогтоолгохдоо тухайн оронд хөдөлмөр эрхэлж байсан хугацаагаа тооцуулах боломж бүрджээ. Түүнчлэн Монголд хөдөлмөр эрхэлдэг чех иргэд ч тэтгэврээ тогтоолгохдоо манай улсад ажилласан хугацаагаа тооцуулах боломжтой аж. Тодруулбал, иргэд тэтгэврээ тогтоолгохдоо хоёр улсад ажилласан жилээ нэгтгэн тооцуулах гэнэ. Уг шийдвэрийг ирэх сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр болжээ. Монгол Улс, БНЧУ-ын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцоонд хүрснээр ийм боломж бүрдсэн байна. БНЧУ-ын Элчин сайд Ян Витопил өчигдөр манай улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинтэй уулзахдаа дээрх хэлэлцээрийг баталгаажуулсан албан бичгийг гардуулав. Чех улсад өдгөө 12 000 гаруй монгол иргэн оршин сууж байгаа аж. Харин манай улсад 30 гаруй чех иргэн ажиллаж, амьдардаг гэнэ.