-Иргэд бүх орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэх мэдээлэлд та тайлбар хэлэхгүй юү?
-Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулж, өнгөрсөн сарын 9-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ багц хуулийн төслийг нэгдүгээр сарын 12-нд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, эсэхийг нь дэмжсэн. Энэ төсөлд иргэд буюу даатгуулагчдад ашигтай зохицуулалтууд байгааг хэлэх нь зүйтэй. Иргэд, олон нийт, ажил олгогчдын зүгээс хүсэжбайсан бүх зохицуулалтыг тусгасан. Бүх орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гэдэг нь ташаа мэдээлэл. Иймойлголт дэлхийн жишигт ч байхгүй. Одоогийн хуульд болон өргөн барьсан төсөлд ч үгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулахаар тусгасан.
-Хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй орлого гэдгийг тодруулна уу?
-Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр мөрдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүний хамрах хүрээг нэмээгүй. Мөн ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй олсон орлого тухайлбал, ажил олгогчийн олсон бүх төрлийн орлого, ажилтны байр, машин, гар утас зарсан зэрэг орлогод шимтгэл ногдуулахгүй. Түүнчлэн ажил олгогч, ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг нэмэгдүүлээгүй. Цаашид ч нэмэхгүй. Тус хуулийн төсөлтэй танилцаж, санал өгөх боломж одоо ч бий. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд иргэд https://d.parliament.mn хаягаар хандажтанилцах, санал өгөх боломжтой.