Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид Катар улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгчтэй өчигдөр уулзан, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ. Улмаар хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг ЗТХЯ-наас мэдээллээ. Үүний хүрээнд хоёр улс хоорондын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, коммерын хамтын ажиллагааны хүрээнд болон шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлэхээр зөвшилцжээ. МИАТ компани Улаанбаатар-Дохагийн чиглэлд үйлчлэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон бөгөөд хэзээ нислэг үйлдэж эхлэхийг ойрын хугацаанд мэдээлэх юм байна.