Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Э-ээс 2013 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 11 925 207 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Э нь үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж маргасан аж.
Маргааныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Э-ээс 11 925 207 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банкинд олгож шийдвэрлэсэн.
Хэрэгт авагдсан баримтаар талууд 2013 оны 2-р сарын 07-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Э нь зээлээ хугацаанд нь төлж байгаад ажилгүй болж 2019 оноос хойш төлөөгүй ба Т банкинд 2018 оны 11 сарын 16-ны өдөр, 2020 оны 05 сарын 06-ны өдөр, 2022 оны 09 сарын 28-ны өдөр тус тус зээлийг төлөх талаар тайлбар бичиж өгсөн нь хэрэгт авагдсан байна.
Зээлийн гэрээнд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж талууд тохиролцсон байдаг. Мөн нэхэмжлэгч байгууллага зээлээ төлөх талаар байнга сануулж шаардаж байсан ба зээлдэгч Э зээлээ төлөх талаар өөрөө тайлбар бичиж, баталгаа гаргаж өгч байсан байна. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тухай бүр тасалдсан ба хугацааг шинээр тоолно гэж шүүхээс дүгнэж хариуцагч Э-ээс 11 925 207 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банкинд олгохоор шийдвэрлэлээ.