Монгол Улсын Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2023 оны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэлж байна.
Энэ удаагийн нэгдсэн зөвлөгөөнд аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд болон Улсын ерөнхий прокурорын газрын газар, хэлтэс, албаны дарга, ахлах прокурорууд оролцож байгаа бөгөөд бусад прокурорын газруудад зөвлөгөөний үйл ажиллагааг цахимаар шууд дамжуулан хүргэж байна.
Нэгдсэн зөвлөгөөнийг Монгол Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан нээж, нийт прокурор, ажилтнуудад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй уялдуулан “Прокурорын байгууллагын 2023-2026 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэлээ.
Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн хоёрдугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд үргэлжлэх ба 2022 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, цаашид баримтлах бодлого чиглэл, авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ болон хяналтын ажилд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, гарц шийдлийг хэлэлцэх аж.