Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба энэ сарын 10-ны өдөр ЗХЖШ-ын даргын өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албыг амжилт дүүрэн хашиж явсан эрхэм хүндтэй генералуудыг хүлээн авч уулзжээ.
Энэхүү уулзалтын эхэнд ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд өрнөж буй үйл явдал, хэрэгжүүлж буй ажил, дэвшүүлсэн бодлого, зорилго, зорилтууд, тэдгээрийн хэрэгжилт, явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Энэ үеэр бригадын генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ "Аливаа шинэчлэл нь уламжлалд тулгуурлан, бүтээлчээр баяжиж байдаг. Улс орныхоо болоод Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил дэвшил, цэргийн шинэчлэлд Та бүхний оруулсан хувь нэмэр асар их юм. Нэн ялангуяа салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, төгөлдөржүүлэх, удирдлагын баримт бичгүүдийг шинэчлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох эхлэлийг тавих, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, мэргэжлийн ур чадварыг ахиулах зэрэг олон арван бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж, гардан зохион байгуулж ирснийг тань бид ямагт өндрөөр үнэлдэг. Та бүхэн минь төр, түмэндээ үнэлэгдсэн, бахархан хүндэтгэх учиртай эрхэм генералууд билээ. Бид Та бүхний дэвшүүлж буй санал, санаачилга, бүтээлч сэтгэлгээг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, хамтран ажиллах болно" гэдгээ онцоллоо.
Мөн уг уулзалтаар мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, урт, дунд хугацааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудал, ажиллаж амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах, сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, цэргийн хөдөлмөрийн үнэлэмж, албаны нэр хүндийг нэмэгдүүлэх, нэн тулгамдаж буй асуудлуудыг төр, засгийн түвшинд шийдвэрлүүлэх зэрэг олон сэдвээр, өргөн хүрээнд харилцан ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрсэн аж.