БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 11-нд барилгын нурангиас 3 хүний цогцсыг илрүүлэн орон нутгийн сайн дурынханд байршлыг мэдээлж, 2 хүний (1 хүүхэд) цогцсыг гаргасан байна.
Түүнчлэн хоёрдугаар сарын 12-ны өдрийн 02.39 цаг /Анкарагийн цагаар хоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:39/-т хүчтэй газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо.
Аврах багийн эмнэлгийн бүлэг мөн өдөр хээрийн эмнэлэгт нийт 92 хүнд /8 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.
Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бол 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээг хийжээ. Мөн 45 хоногтой 2 нярай хүүхдэд үзлэг, эмчилгээ хийж, тэжээлийн дутагдалд орсон байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт хүлээлгэн өгсөн аж.