НҮБ-ын “Хүүхдийг ивээх сан”, “Итгэлцлийн сан”-гийн санхүүжилтээр “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг 2021-2024 онд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн шат дараатай ажлуудыг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулав. Сургалт хоёрдугаар сарын 17 хүртэл үргэлжилнэ.
Нээлтийн үеэр НЦУГ-ын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, “Хүүхдийг ивээх сан”-г суурин төлөөлөгч, Монгол дахь хөтөлбөрийн менежер Л.Баян-Алтай нар үг хэлж, оролцогчдод амжилт хүсэв.
НЦУГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос алба хаагчдийг хэрхэн чадавхжуулах талаар тодруулахад “Нийслэлийн хэмжээнд хоногт дунджаар 100 орчим хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээлэл бүртгэгддэг. Үүний 4-5 нь гэмт хэргийн шинжтэй, гэмт хэрэг байдаг.
Нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц, харамсалтай гэмт хэргүүд гарч байна. Иймд эдгээр хүүхдүүдтэй харьцдаг цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтын гол ач холбогдол нь хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй хэрхэн харьцах, сэтгэлзүйг бэлтгэх, даван туулах, сэтгэл зүйн чадвартай болгох, алба хаагчдын хүүхдэд ээлтэй, хохирогч төв хандлагатай болгох зэргээр ур чадварыг нэмж, илүү чадавхжуулах юм.
НЦУГ-аас 2023 онд мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зорилтот гэр бүлүүдийг нийгэмшүүлэх "Жаргалтай гэр бүл" төсөл хэрэгжүүлнэ. Мөн "Итгэл" төслөө үргэлжлүүлнэ. Өнгөрсөн жил “Итгэл” төслийн хүрээнд 120 орчим өрхийн, архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулж, тусалцаа үзүүлсэн. Энэ жил энэ тоон мэдээг арав дахин өсгөхийг зорьж байна" гэлээ.
Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд 2022 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 1729 бүртгэгдсэний 51 хувь буюу 882 хэрэг нь нийслэлд гарчээ. Улмаар энэ төрлийн гэмт хэрэгт 1664 иргэн хохирсноос нийслэлийн хэмжээнд 864 иргэн хохирсон байна. Хохирогч иргэдийн 86.4 хувь эмэгтэй, 12.9 хувийг хүүхэд эзэлж буй.
Мөн улсын хэмжээнд 2022 оны байдлаар 2014 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсноос нийслэлд 63 хувь буюу 1281 хүүхэд хохирсон, үүнээс 552 нь эмэгтэй, 729 нь эрэгтэй хүүхэд байна.
Гэмт хэрэг үйлдсэн 796 хүүхдийн 100 нь охин, 696 нь хүү байжээ. “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн сургалтаар хүүхдийн эрх, хамгаалал, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг асрамж халамжийн хувилбарт үйлчилгээнд хамруулах, амьдрах ухаан, сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч, даван туулагчид ээлтэй үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эсрэг үйлдэж буй хүн худалдаалах гэмт хэрэг, илрүүлэлтийг өсгөх, хүүхэд хамгааллын ажилтныг ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх, хамгаалах гэх мэт 11 сэдэвт модуль боловсруулж, хүүхэд хамгаалагчдын чадавхыг нэмэгдүүлнэ.