Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” ёслол өчигдөр найм дахь удаагаа боллоо. Уг ёслолыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулдаг. Гэсэн ч өнгөрсөн оны сүүлчээр Катар Улсад хөлбөмбөгийн ДАШТ болсонтой холбоотойгоор хойшлуулсан юм. Энэ удаа “Оны шилдэг гадаад тоглогч” төрөлд цөөнгүй легионер нэр дэвшсэнээс “Моби дээд лиг”-ийн мэргэн бууч, “Хаан хүнс-Эрчим” клубийн тамирчин Мишима Юүта тодров. Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан, 20 хүртэлх насныхны Азийн цомын АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Шри Ланка улсын шигшээгийн эсрэг чухал гоол оруулсан, “Ховд” клубийн З.Лхагва “Оны шилдэг гоол”-ын эзэн болсон. “Оны шилдэг футзалын тоглогч”-оор дээд лигийн шилдэг тоглогч, “Унаганууд” клубийн Э.Пүрэвдорж тодров.
“Алтан бөмбөг” ёслолын “Эмэгтэй шилдэг тоглогч”-оор лигийн мэргэн бууч, “Сторм” клубийн Н.Намуунаа, “Эрэгтэй шилдэг тоглогч”-оор Словакийн хөлбөмбөгийн “Комарно” клубийн легионер, Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганбаяр шалгарлаа. Түүний багийнхан Словакийн лигт IV байрт жагсаж, лигийн цомын тэмцээний шөвгийн наймд багтаад буй. Улирлын II хагас эхлэхийн өмнө “Комарно” клубийнхэн бэлтгэлээ эрчимжүүлэн, нөхөрсөг тоглолтуудад оролцож байгаа тул Г.Ганбаяр эх орондоо хүрэлцэн ирж амжсангүй.
Ногоон талбайд тоглодог тамирчин бүр “Алтан бөмбөг” ёслолын “Бэлгэдлийн 11 тоглогч”-д багтдаггүй. Шилдгүүдийг шалгаруулдаг санал асуулгын ширүүхэн өрсөлдөөнөөс энэ удаа шилдэг 11 тоглогчийг дараах байдлаар тодруулжээ. Хаалгачаар Э.Мөнх-Эрдэнэ (“Улаанбаатар”), хамгаалагчаар О.Оюунбаатар (“Улаанбаатар сити”), О.Мөнх-Оргил (“Дэрэн”), Э.Мөнх-Эрдэнэ (“Төв азарганууд-Төв буганууд”), Т.Дөлгөөн (“Дэрэн”), хагас хамгаалагчаар А.Нармандах (“СП фалконс”), Х.Цэнд-Аюуш (“Төв азарганууд-Төв буганууд”), Б.Батмөнх (“Дэрэн”), Б.Балжинням (“Улаанбаатар”), довтлогчоор Н.Наранболд (“Ховд”), Г.Ганбаяр (“Комарно”, ФК) нар тодорлоо.
Монголд энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, гадаад, дотоодын тэмцээнүүдэд клубийнхээ тоглогчдыг сойдог олон дасгалжуулагч бий. Тэднээс футзалын дээд лигт найм дараалж түрүүлсэн “Унаганууд” клубийн С.Эрдэнэ-Очир “Футзалын оны шилдэг дасгалжуулагч” болсон юм. Дээд лигт 13 дахь удаагаа түрүүлсэн “Хаан хүнс-Эрчим” клубийн Д.Батнасан “Эрэгтэйчүүдийн багийн оны шилдэг дасгалжуулагч”, Ш.Шинэбаяр “Эмэгтэйчүүдийн багийн оны шилдэг дасгалжуулагч”-аар шалгарав. Уг ёслолын үеэр Монголын хөлбөмбөгийн холбооноос Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбоонд “Грассрүүтс хөлбөмбөгийн үндэс” шагнал гардууллаа.