Манай улсын төмөр замын сүлжээний урт өнгөрсөн онд 2964.9 км болж 40 хувиар нэмэгдсэн. Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, экспортын гурван гарцтай болсон билээ. Гэхдээ хил холболтын ажлыг хийгээгүй тул шинэ төмөр замын гарцуудаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа юм. Иймээс нэн түрүүнд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замыг яаралтай барих талаар “Чайна энержи интернэшнл”-ийн удирдлагатай ярилцсан талаар ЗТХЯ-наас мэдэгдлээ. Улмаар байнгын хамтарсан ажлын хэсэг байгуулан хийх ажлын төлөвлөгөө гаргах, хоёр сарын дотор сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, хил холболтын төмөр замыг богино хугацаанд, хамгийн хямд зардал, зөв шийдлээр барихад санал нэгдсэн хэмээн дээрх яамнаас мэдээлэв.
Бэлтгэсэн Б.Сонор