ШӨХТГ-аас хэвийн боовны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоомжид нийцэж байгаа, эсэхэд хяналт шалгалт хийжээ. Нэгдүгээр сарын 11- нээс энэ сарын 6-нд үргэлжилсэн эл шалгалтад “Бэлх”, “Бүрэн плаза”, “Бүрд”, “Их тойруу”, “Барс-1”, “Бөмбөгөр” худалдааны төв болон Гандантэгчэнлин хийдийн “Гандан”, “Гандангийн ширхэнцэг” хэвийн боовны дэлгүүр зэрэг аж ахуй эрхлэгчийг хамруулсан аж. Хяналт шалгалтаар “Парис бэйкэри”, “Өгөөмж архад”, “Амдэ”, “Сигнал”, “Алтайн илч” ХХК болон хэвийн боов үйлдвэрлэгч иргэнээс бүтээгдэхүүнийхээ хаяг шошгод Оюуны өмчийн газраас барааны тэмдгийн гэрчилгээ авсан Гандантэгчэнлин хийд шашны байгууллагын “Гандангийн”, “Гандангийн шар тостой” гэх нэршлийг ашиглан зах, худалдааны төвүүдээр худалдаж байсан, мөн шошгон дээр үйлдвэрлэсэн хугацаа, орц найрлага, үйлдвэрлэгчийн хаяг байршлын талаарх мэдээллийг байршуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Иймээс үйлдвэрлэл эрхлэгчдэд зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн гэнэ. Тодруулбал, дээрх нэршлийг хэвийн боовны сав баглаа боодлын шошгод ашиглахгүй, үүнийг дуу, дүрсний бичлэг зэрэг аливаа хэлбэрээр ашигласан сурталчилгаа явуулахгүй байх, уг нэршил орсон сурталчилгааны самбаруудыг буулгах, хүнсний бүтээгдэхүүний сав боодолд тавигдах шаардлага MNS664852016 стандартыг ханган ажиллаж, зөрчлөө арилгасан талаар хариу ирүүлэхийг даалгажээ.
Бэлтгэсэн Ц.Ундрал