УИХ-аас байгуулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах үүрэгтэй түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өчигдөр үргэлжлэв. Энэ өдрийн сонсголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дархан-Уул аймгийн гурил, тэжээлийн элеватор), “Сайншанд-аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК, Зам, тээврийн хөгжлийн яам (“Шинэ төмөр зам” төсөл)-нд холбогдох зээлийн нотлох баримтын талаар ярилцлаа. Үүний дагуу 39 гэрчийг дууджээ.
Эхлээд Дархан-Уул аймгийн гурил, тэжээлийн элеватор байгуулах зээлийн талаар танилцуулсан бөгөөд үүнд дуудсан зургаан гэрчийн нэг нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ байв. Тус түр хорооны дарга Б.Энхбаярын тавьсан асуултад тэрбээр дараах хариултыг өгсөн юм.
Б.ЭНХБАЯР: -Хөгжлийн банкнаас уг төслийг найман тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар тус банкнаас 2015 оны зургадугаар сарын 11-нд “Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгов” гэсэн утгатайгаар 530 сая төгрөгийг “Молор констракшн” ХХК руу шилжүүлсэн байна. Та эл компанийн хувьцаа эзэмшигч байжээ. “Молор констракшн”-ий захирал Л.Бадамцэцэгийг таны ээж гэж ойлгосон. Өндөр настай хүн учраас таныг дуудсан юм. Дархан-Уул аймгийн гурил, тэжээлийн элеватортой холбоотойгоор таныг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Эл хэргийг хэрэгсэхгүй болгосон юм уу. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас манай түр хороонд ирүүлсэн албан бичигт газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах худалдан авахтай холбоотой эл зөрчилд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг дурдсан учраас бас таныг ирүүлсэн юм. Дээр дурдсан 530 сая төгрөгийн талаар тайлбар өгнө үү?
С.ЭРДЭНЭ: “Молор констракшн” ХХК-д ямар нэгэн байдлаар хувьцаа эзэмшсэн түүх байхгүй. Энэ компани Хөгжлийн банкнаас зээл авч байгаагүй юм билээ. Гэрчээр дуудагдсан учраас судалж үзсэн юм. Харин “Дарханы гурил, тэжээл” компанийн 150 мянган ширхэг хувьцааг борлуулсан орлого болох 530 сая төгрөгийг тус компани руу шилжүүлсэн байдаг. Аж ахуйн нэгжийн хооронд зээл авах шаардлага гарсан учраас үүнийгээ зараад, хувьцааны төлбөрийг л шилжүүлж авсан юм билээ. Энэ бол зах зээлийн энгийн харилцаа. Тус компанийн захирал Л.Бадамцэцэг нь миний ээж биш, дүү нь. Ер нь шинжээчийн дүгнэлтэд андуу ташаа зүйл нэлээд байна. Эсвэл өмнөх мэдээллүүдээ алга болгочихсон юм уу. Хамаатуулаад дуудсан учраас хүндэтгэж ирээд, тайлбарлаж байна. Нарийн яривал энэ элеваторыг шинээр барих барилга, байгууламжийн жагсаалтад оруулан, 2014, 2015 оны улсын төсөвт тус бүр найман тэрбум төгрөг тусган баталсан байдаг. Үүнтэй хамааруулж намайг шалгасан. Сангийн сайд Ч.Улаан үүний санхүүжилтийг олгох боломжгүй хэмээн албан бичиг илгээж, төсвийн зохицуулалт хийхийг хүсэж байсан юм билээ. Тухайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нь хуулиар батлагдсан төсвийг тушаал гаргаад л худалдан авах ажиллагаа болгон өөрчилж, бүр тендер зарлаад, сонгон шалгаруулалт хийчихсэн байхад яагаад эрх бүхий байгууллагууд, тэр дундаа Сангийн яам хяналт тавиагүйг нь гайхаж байна. Шалгуулж байхдаа Ч.Улаан сайдын албан бичигтэй танилцсан юм. Тухайн үед Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь Х.Баттулга байсан шүү дээ. Сайд нь дураараа авирлаад, төсвийн хууль тогтоомжийг зөрчиж, зориулалтын бусаар зарцуулчихсан нь тодорхой байгаа биз дээ. Шинжээч үүнийг яагаад дүгнэлтдээ оруулаагүй юм бэ. УИХ-ын баталсан төсвийн зүйл, заалт, зориулалтыг ямар ч сайд өөрчлөх эрхгүй. Зориулалтыг нь өөрчлөх, эсвэл санхүүжилтийг нь нэмэх, хасах шийдвэр УИХ л гаргадаг.
Б.ЭНХБАЯР: Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ сарын 6-нд ирүүлсэн лавлагаагаар С.Эрдэнэ та энэ компанийн 20 хувийг эзэмшиж байгаа гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, идэвхгүй хувьцаа эзэмшигч гэсэн үг. Би бас түрүүнд “Хувьцаа эзэмшиж байсан” гэж хэлсэн шүү дээ. Гүйцэтгэх удирдлагаар ажиллаж буй Л.Бадамцэцэг нь таны ээжийн дүү юм байна. Мөн уг хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч таван хүний нэг нь та. Харин эцсийн өмчлөгч Б.Цэнд-Аюушийг та мэдэх үү?
С.ЭРДЭНЭ: Б.Цэнд-Аюуш нь миний ээж. Би анх “Молор констракшн”-ийг үүсгэн байгуулах хуралд оролцож байснаас бус, хувьцааг нь эзэмшиж байгаагүй. Ямар үндэслэлээр намайг 20 хувь эзэмшиж байгаа гэсэн мэдээлэлтэй буйг гайхаж байна. Тэгээд ч “Молор констракшн” нь хувьцаат компани биш.
Дараа нь “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-ийн зээлийн талаар хэлэлцэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамт хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр тухайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсны хувьд гэрчээр дуудагдсан 15 хүний нэг болов. Сонсголын эхэнд хуралдаан даргалагч түүнийг тайлбар хийхийг хүссэн бөгөөд асуулт, хариултаар үргэлжиллээ.
Х.БАТТУЛГА: Яг юу нь болохгүй болчихоод байгаа юм бэ, ойлгохгүй байна. Монгол Улс газрын дээрх болон доорх баялгаа боловсруулах ёстой гэсэн УИХ, Засгийн газрынх нь тогтоол, шийдвэр байна шүү дээ. Бидний хувьд боловсруулах үйлдвэр барих гэсэн анхны төсөл учраас мэдэхгүй, чадахгүй зүйл ч байсан. Гадаадынхнаас асуухаар мөнгө гүй бол хөдлөхгүй. Бүгдийг гэгээлгээр харж л эхлүүлсэн, бахархдаг. Дуусгана ч гэж боддог. Нэлээд ажил хийсэн. Нийт таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах ёстой. Манай Засгийн газраас 34 хувь буюу 1.7 тэрбум орчим ам.доллар гаргах учиртай. Бусдыг нь “босгохын” тулд хувийн хэвшлийнхэн болон гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулах шаардлагатай. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч энэ ажлаа үргэлжлүүлж Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр болон авто зам тавьж, дэд бүтцийн бусад асуудлыг нь шийдвэрлэсэн. Эдгээр ажлын үнэлгээ нь хоёр тэрбум ам.доллар. Одоо татан буулгахын оронд “Манай Засгийн газар хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихлээ. Үүнийгээ төслийн 34 хувьтай дүйцүүлэн үнэлж байна” гэж зарлах ёстой. Би энэ ажлыг хариуцвал үлдсэн санхүүжилтийг нь босгочихно. Харамсалтай нь, 2015 оноос хууль, хяналтын байгууллагаар шалгууллаа. Баахан хүнийг хорилоо. 35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийнэ гэдэг амар ажил биш. Одоо цахилгааны шугам татчихвал үндсэндээ бүрэн дэд бүтэцтэй болох гээд байхад яагаад татан буулгах гээд байгаа юм бэ. Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Ч.Хүрэлбаатар энэ төслийг оруулж ирж байсан шүү дээ. Дараа нь Сангийн сайд болчихоод компани, нэгжийг нь татан буулгана гэж яриад эхэлсэн. Ч.Хүрэлбаатар бол энэ улсыг дампууруулах гэж, боловсруулах үйлдвэртэй болохыг жадлан эсэргүүцдэг хүн. Ийм хүн тав, аравхан бий. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих ёстой. Олон улсын нэр хүндтэй байгууллагын хийсэн судалгаанд үндэслэж энэ ажлыг эхлүүлсэн болохоос, Х.Баттулга макет зурчихаад зүтгүүлээд байгаа юм биш. Танай намын мөрийн хөтөлбөрт ч ийм цогцолбор барина гээд заачихсан байгаа биз дээ, Б.Энхбаяр аа.
Б.ЭНХБАЯР: “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төсөлд Хөгжлийн банкнаас 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон талаар энд ярьж байгаа. Тус банкнаас санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрийг сонсголд хамруулж буй. Өөрөөр хэлбэл, эл төслийг хэрэгтэй, эсэхийг яриагүй, зөвхөн зээлийн зарцуулалттай холбоотой нотлох баримтыг судлан шинжилж байна. “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-ийн захирал Ж.Дөлгөөн нь таны зөвлөх байсан уу?
Х.БАТТУЛГА: Тэрний, энэний зөвлөх гээд л жижиг “юм” яримааргүй байна. “Шинэ Яармаг” хөтөлбөртэй холбоотойгоор миний зөвлөх байсан гээд Ц.Ууганбаяр хэмээх залууг тамласан. Миний зөвлөх байсан хүмүүс ямар нэгэн ажил хийж болно биз дээ. Ж.Дөлгөөн нь миний зөвлөх байсан, эсэхийг мэдэхгүй байна. Энэ компанийг татан буулгачихсан болохоор бухимдаад байна л даа. Хэрэгтэй болоод л Хөгжлийн банкнаас мөнгө гаргаж байгаа шүү дээ. Энэ банкны үндсэн зорилго нь экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг дэмжих явдал биш юм уу. Удаа дараа улстөржүүлээд, хүчний байгууллагаар шалгуулаад байгаа нь хэний даалгавар юм бэ.
Б.ЭНХБАЯР: Уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийхээр Засгийн газар тогтоол баталсан. Бодит байдал дээр тогтоолд зааснаас өөрөөр буюу “Байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээ” болгож хийсэн тухай баримт шинжээчийн дүгнэлтэд байна. Тухайн үед байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаар С.Оюун ажиллаж байсан. Эхлээд байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийх ёстой гэдгийг С.Оюун сайд танд албан бичгээр хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа ч одоо яаманд энэ талаарх баримт алга. Үүний талаар тухайн үед Тендерийн үнэлгээний хорооны дарга буюу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргалаас тодруулъя.
Х.ЗОЛЖАРГАЛ: 2016-2017 онд АТГ энэ асуудлыг шалгах үеэр үүний талаар хөндөж байсан. Гэхдээ шинжээч дутуу, дулимаг ханджээ. 2013 онд анх энэ тендерийг зарлахдаа Засгийн газрын тогтоолд нийцүүлж байсан. Харин 2014 оны дунд үед дахин зарлахдаа “Байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээ” болгочихсон байна лээ. Үүнийг байцаагдаж байхдаа мэдсэн. Учрыг нь ч сайн гүй. Анх Сайншандад өгсөн газар нь хөрсний устай болж таарсан учраас солиод, Дорноговь аймгийн Алтанширээ сумыг сонгосон юм билээ. Өөрөөр хэлбэл, газар нь солигдсонтой холбоотойгоор өөрчлөгдсөн болов уу. Бид Засгийн газрын тогтоолын томь ёоллыг өөрчилж, тендер зарлаагүй.
Б.ЭНХБАЯР: Хамгийн гол нь тендерийн зориулалтыг дагаад төслийн зарцуулалт өөрчлөгдсөн байгаа юм. Тухайн үеийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Түвшинжаргал ажиллаж байжээ. .Баттулга таны туслах байсан уу?
Х.БАТТУЛГА: Г.Түвшинжаргал нь намайг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхад манай яаманд бас мэргэжилтнээр ажиллаж байсан. Дараа йлдвэр, хөдөө аж ахуйн сайд болоход ч тус яамнаас хэд хэдэн хүн надтай хамт явсны нэг нь. Тендерийн зориулалтыг өөрчилж, “нийгмийн” гэдэг үг нэмсэн гээд байгаа юм уу. Цогцолбор барих бүс нутагт хэдэн хүн амьдарч байна вэ, бүтээн байгуулалт хийхэд нийгмийн асуудал нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг үүднээс “нийгмийн” хэмээх үг нэмж, тендер зарласан юм билээ шүү.
Б.ЭНХБАЯР: С.Оюун сайдын албан бичгийг дурдаад байгаа нь эхлээд байгаль орчны үнэлгээ хийж, тухайн газарт нь цогцолбор байгуулах боломжтой, эсэхийг тодорхойлох ёстой гэж үзсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, үүний дараа нийгмийн талын судалгаа хийж, үнэлэх ёстой. Энэ судалгааг гүйцэтгэсэн “Натур фриендли” компани Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтийнхээ 28 хувийг үнэлгээ хийхэд зориулсан гэж шинжээч дүгнэжээ. Бусдыг нь зориулалтын бусаар зарцуулсан байна.
Х.БАТТУЛГА: Ажлынх нь тайлан бий байлгүй дээ. 92 хувьтай гарсан гэж байсан. Үүнийг 2015-2017 онд АТГ бүгдийг нь хорьж байгаад шалгачихсан шүү дээ. Тэд энэ асуудлыг орхигдуулмааргүй л юм.
Б.ЭНХБАЯР: “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” атан буулгах шийдвэрийг Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард гаргажээ. Гэтэл одоо болтол үүнийг хэрэгжүүлээгүй байна. Энэ талаар албаны хүн нь тайлбар хийнэ үү.
Ц.БАЯР-ЭРДЭНЭ (Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга):
-Засгийн газраас татан буулгах шийдвэр гаргах үед тус компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон, оффис нь эзгүйрсэн, өр, төлбөрт баригдчихсан байсан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан. Улмаар мөн оны гуравдугаар сард холбогдох хууль тогтоомжийн дагуу татан буулгахтай холбоотой шийдвэрийг өдөр тутмын сонинуудад нийтэлж, зарласан. Ингээд нэр бүхий иргэн, байгууллагаас нийт 3.5 тэрбум төгрөгийн өр, төлбөрийн нэхэмжлэл хүлээн авсан. Үүний дараа хэд хэдэн байгууллагаас бас өр, төлбөрийн нэхэмжлэл илгээж, шүүхэд хандсан нь ч бий. Тухайлбал, “Натур фриендли” компани 5.5 тэрбум төгрөгийн ажил хийсэн, нэг тэрбум нь дутуу гэсэн нэхэмжлэл ирүүлсэн юм. Өнгөрсөн оны долдугаар сард Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхээс уг нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Үндсэндээ өр, төлбөрийн асуудлаас болоод тус компанийг татан буулгах ажил үргэлжилж л байна гэв.