МСНЭ болон “Транспэрэнси Интернэйншл Монгол” ТББ санал солилцох уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар Авлигын индекс гэж юу вэ, Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгааны талаар мэдээллээ.
“Транспэрэнси Интернэйншл Монгол” ТББ-ын зөвлөх О.Батбаяр “Транспэрэнси Интернэйншл байгууллагаас 2022 оны авлигын индексийг зарласан. Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс 2022” үзүүлэлтээр авлигын индексийн оноо эрчимтэй багассан, авлига өсөж буй 10 орны нэгээр бичигдсэн.
Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Улс төрийн намын санхүүжилт, тэдний авлигын эсрэг үйл ажиллагаа ил тод биш, авлигад идэгдсэн байдал аж. Хоёрдугаарт, Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлсэн авлигын гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгож буй нөхцөл байдал сөргөөр нөлөөлжээ. Иймд авлигын гэмт хэргийн төрөлжсөн шүүх байгуулах хэрэгтэй. Мөн төрийн өмчит компаниуд авлигын гол үүсвэр болоод байна. Төрийн өмчит компаниудын засаглал, ТУЗ-ын асуудал, эрх зүйн орчин нь авлигыг өөхшүүлдэг. Мөн Уул уурхайн болон эдийн засгийн хамгийн том салбар үүнд хамаатай. Ил тод байдлын тухай хууль, Шүгэл үлээгчийн хууль, Улс төрийн төрийн намуудын ил тод байдлын хууль батлагдаагүй. Энэ нөхцөл байдал нь авлигын индексийн ухрахад шууд нөлөөлж байна” гэлээ.
“Транспэрэнси Интернэйншл” олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг үнэлгээг зарлахдаа байр суурь, санал асуулга, нотлох баримтаар судалгаа явуулдаг байна. 2016 онд 176 улсыг хамруулсан бол сүүлийн 5 жилд 180 улс хамрагджээ. Авлигын индексийг тогтоохдоо дэлхий дахинд 16, Монгол Улсад 8 эх сурвалж ашигладаг. Авлигын төсөөллийн индекс нь улс орны засаг төрийн байгууллагын авлигын төсөөллийг 0 /маш их авлигатай/-ээс 100 /маш цэвэр/ оноогоор эрэмбэлсэн бөгөөд манай улс 33 оноо авчээ. Монгол Улс авлигын индексээр 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 жагсаж байжээ. Цаашлаад 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгджээ.