Нийслэлийн прокурорын газраас С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёрдугаар сарын 06 -ны өдөр хүлээн авч, хоёрдугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих...” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
Яллагдагч С.Батдөлийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7.328.950.000 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт / Мөнгө угаах/ мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.