Шүүхээс иргэн Ч.Мөнхбаярыг эх орноосоо урвасан, гаднын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан үндэслэлээр 10 жилийн ял оноосон. Тэгвэл Ч.Мөнхбаярыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх кампанит ажил өрнөж байна. Эл ажлыг Япон улсын иргэн Хидэтоши Иший зохион байгуулж буй. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Норвегийн Нобелийн хорооноос түүний нэрийг хүлээн авсан тухай цахим шуудан хүлээн авчээ. Энэхүү кампанит ажлыг өрнүүлсэн Хидетоши Иший болон түүний эхнэр Ёко Иши нар нь Төвд, Уйгур, Өмнөд Монгол, Хонконг зэрэг Хятадын засгийн газрын дарлалд өртөж буй хүмүүсийг дэмждэг олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид гэдгээрээ алдартай.
Чөлөөт Төвдийн Фүкүокагийн ахлах зөвлөх Хидэтоши Иший хэлэхдээ: Ч.Мөнхбаярыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн нь зөвхөн түүний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй дарангуйлал дор эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцэж буй бүх хүмүүст урам зориг өгсөн явдал юм. Мөнхбаярын тэмцэж ирсэн Өмнөд Монголын хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах ёстой. Хятадын засгийн газар бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Мөн Монголын төр Ч.Мөнхбаярыг яаралтай суллах ёстой.
Нэр дэвшүүлэх болсон шалтгааныг дараах байдлаар дурджээ.
Дэлхийн Монголчуудын яруу найргийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Ч.Мөнхбаяр нь Өмнөд Монголын (ӨМӨЗО, БНХАУ-ын ӨМӨЗО) монгол угсаатны хэл, соёл, түүхийн онцлогийг хамгаалж яваа нэрт сэтгүүлч, яруу найрагч, хүний эрхийн төлөө тэмцэгч юм. Тэрээр сүүлийн үед ялангуяа Өмнөд Монголын хүүхдүүдийн төрөлх хэлээрээ сурч боловсрох эрхийг хамгаалах аянд маш идэвхтэй оролцсон. 2022 оны 2-р сарын 17-нд Ч.Мөнхбаярыг Монголын засгийн газар Хятадтай ойр дотно харилцаатай байгаа, өмнөд Монгол дахь монгол угсаатны эрх хумигдаж байгааг хатуу шүүмжилснийх нь төлөө Улаанбаатарт баривчилжээ. Тэрээр өнгөрсөн зургадугаар сарын 28-нд Хятадын эсрэг "гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" хэргээр 10 жилийн хорих ял авсан юм. Арванхоёрдугаар сарын 21-нд Улсын дээд шүүхээс 10 жилийн хорих ялыг баталлаа. Ч.Мөнхбаярын өмгөөлөгч уг хэргийг хилс гэж үзээд “Тусгаар тогтносон Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн ямар ч зүйл, заалтад БНХАУ-ын эрх ашгийг хамгаалахын тулд Монгол Улсын иргэдийг гэмт хэрэгт тооцно гэж заагаагүй” гэдгийг онцолжээ. 2023 оны нэгдүгээр сарын 12-нд дэлхийн 100 гаруй хүний эрхийн байгууллагууд түүнийг нэн даруй суллахыг уриалав. Ч.Мөнхбаярыг шударга бусаар буруутгаж байгаа нь Бээжингийн эрх мэдлийг хилийн чанадад давж, Хятад улс бусад орны бүрэн эрхт байдал, олон улсын хуулийг үл тоомсорлож байгаагийн нэг жишээ юм. Мөнхбаярыг суллахыг дэлхийн өнцөг булан бүрээс хүний эрхийн төлөө тэмцэгчид, хуульчид, зохиолчид уриалж байна. Мөнхбаяр бол хэлмэгдэгсдийн хүний эрхийн төлөө тэмцэж яваа сэтгүүлч. Түүнийг шударга бусаар баривчилсан нь нэгэн цагт ардчилсан орон байсан Монгол Улс дарангуйлагч Хятадын нөлөөнд автаж буйн илрэл юм. Дарангуйлагч улс ардчилсан улс орнуудыг дахин будаж байгааг бид анзаарахгүй өнгөрч болохгүй. Өнөөдрийн дарангуйлал, ардчиллын тэмцэлд тэр тулааны тэргүүн эгнээнд яваа Мөнхбаяр бол үг хэлэх эрх чөлөөний бэлгэ тэмдэг.
Эх сурвалж: http://smhric.org/news_713.htm...