Манай улс Газрын багц хуулиа шинэчлэн, батлах гэж буйтай холбоотойгоор олон нийт болон ТББ-ууд хэлэлцүүлэг өрнүүлж, хуульд тусгуулах санал, шүүмжээ нэгтгэсээр байна. Тэгвэл “Нээлттэй нийгэм форум”, зарим ТББ-аас дээрх хуулийн төсөлд хийсэн үнэлгээг өчигдөр танилцууллаа. Үнэлгээг иргэдийн мэдэх болон оролцох, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх, хуулийн хэрэгжилтийг хянах зэрэг эрх хангагдсан, эсэхийг магадлан гаргажээ. Тодруулбал, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгад төрөөс газрыг эргүүлэн авах үндэслэлийг тогтоохдоо иргэдийн оролцоог хангаагүй, төр, иргэн хоёр тал тэгш бус мэдээлэлтэй, иргэд хоорондоо зөвлөлдөх, эрх зүйн туслалцаа авах боломжийг нь хаасан гэв. Хөрөнгийг зөв үнэлэхгүй, газар болон үл хөдлөх өмчийн үнэ цэнийг шударга бус тогтоох магадлалтайг онцоллоо. Газраа чөлөөлж шилжин нүүсэн иргэдийн амьдралын өөрчлөлтөд тогтмол мониторинг хийх талаар тусгаж өгөхийг ч дурдсан байна. Түүнчлэн газар нь төр, иргэдийн өмч, эдийн засгийн хөгжлийн тулгуур байхын зэрэгцээ байгалийн нөөц, ан амьтдын амьдрах нөхцөл болохын хувьд улсын тусгай хэрэгцээнд авах, эсэх талаарх асуудлыг шинэчилсэн найруулгын төсөлд ойлгомжтой тусгаагүйг “Хүний эрхийн хөгжил” ТББ-ын мэргэжилтэн дурдлаа. Ялангуяа нийтийн зайлшгүй болон улсын тусгай хэрэгцээ гэдэг ойлголтыг тодорхой болгох, бэлчээр, отор, хадлангийн газрыг гэрээгээр ашиглах, уул уурхай, дэд бүтцийн төсөлд бэлчээр, газар тариалангийн нутгийг алдахгүй байх баталгааг хангах ёстой гэнэ. Газар чөлөөлсөн тохиолдолд өгөх нөхөн олговрын хэмжээг тодорхой тусгах, газар чөлөөлөхтэй холбоотой тохиролцох, зөвшилцөх, албадах гэсэн зохицуулалтын ялгааг гарган, иргэдийн эрхийг хамгаалж, газар эзэмшихтэй холбоотой асуудалд ХЭҮК-ын оролцоог хангах нь зүйтэйг “Нээлттэй нийгэм форум”-аас уриаллаа.