Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, ил тод болгох зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор бүтцээ шинэчилж, 71 албан тушаалын 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дууссан талаар өчигдөр мэдээлэв.
Бүртгэл өнгөрсөн сарын 2-16-нд үргэлжилж, давхардсан тоогоор 3544 анкет ирүүлж, 2955 хүн бүртгүүлжээ. Сорилын шалгалтад оролцох урилга авсан 2084 бүртгүүлэгчээс 1215 нь оролцсон аж. Эл шалгалтын агуулгыг Төрийн албаны зөвлөл, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэг боловсруулсан гэнэ. Ярилцлагын үе шатыг МҮХАҮТ удирдаж, хувийн хэвшил, төр, иргэний нийгэм, их, дээд сургуулийн 30 төлөөлөл оролцсон байна. Нэг ажлын байрт сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав орчим буюу нийт 434 хүнийг ярилцлагад урьж, хамгийн өндөр оноотой горилогчдыг “Эрдэнэс Монгол”-д хүлээлгэн өгчээ. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт шинээр томилогдож буй газрын ахлах менежер, менежерүүдийг танилцуулсан юм. Тэд АТГ-т ашиг сонирхлын мэдүүлгээ өгч, ажлаа хүлээн авах нөхцөл бүрдэж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглээд “Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод ажиллах, хүнд суртлыг арилгах зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг олон талт оролцоотойгоор хийсэн нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлж чадсан” хэмээн онцлов. Цаашид төрийн өмчит компаниудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ийм жишгээр нээлттэй явуулах журам боловсруулах аж. “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын ажлын байранд мэргэжилтнүүдийг нээлттэй сонгон шалгаруулах журам батлахаар зорьж буйг дурдлаа. Түүнчлэн ТУЗ-ийн бүрэлдэхүүн, тэр дундаа хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтын журмыг ч шинэчлэх нь.
Бэлтгэсэн Б.Сонор