Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ олгох нь. Уг гэрчилгээг ирэх сарын 1-нээс эхлэн нэг сая тээврийн хэрэгсэлд олгохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн уг гэрчилгээг аваагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэв. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “RFID технологи нь Улаанбаатарын зам, тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгоно. Уг технологиор дамжуулан иргэдэд зам, тээвэртэй холбоотой мэдээлэлийг шуурхай өгдөг болох юм. Тухайлбал, тээврийн хэрэгслээ хэзээ оношилгоонд оруулахыг сануулна. Мөн зам засвартай холбоотой мэдээлэл өгнө. Түүнчлэн авто зогсоол, тээвэртэй холбоотой үйлчилгээг хялбар байдлаар хүргэхээр төлөвлөж байгаа” гэв. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоог холбогдох байгууллагууд гаргажээ. Үүнээс 13 тэрбумыг нь батлаад буй аж. RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, олон улс, улсын чанартай авто замуудын дагуух төлбөр авах цэгүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг ажил үүнд багтсан гэнэ.