Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан өчигдөр болж Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэв. Тодруулбал, тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх талаар иргэд цөөнгүй санал гаргажээ. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, жолоочид сануулах, торгох шийдвэрийг бичгээр болон цахимаар гаргах нэмэлт, өөрчлөлтийг дээрх журамд тусгах санал гаргаснаа Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн танилцууллаа. Түүнчлэн тухайн жилд анх удаа зөрчил гаргасан бол жолоочид сануулах арга хэмжээ авахаар төлөвлөсөн гэнэ. Давтан зөрчил гаргавал цахимаар шийтгэл ногдуулах нь. Гурав дахь удаагаа гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийг ачих санал гаргасан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар замын хөдөлгөөн болон түгжрэлд хэрхэн нөлөөлөхийг судлах шаардлагатай гэж Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид үзэв. Тус журамтай холбоотойгоор гаргасан иргэд болон ИТХ-ын төлөөлөгчдийн саналуудыг нэгтгэн, тэмдэглэл гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэхээр болжээ.
Бэлтгэсэн М.Оч