Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж буй зэрэгтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан ИНЕГ, МИАТ, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, авиа компаниуд, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өчигдөр уулзжээ. Дэлхий даяар аялал жуулчлал сэргэж буй энэ үед манай улс орон нутгийн нисэх буудлын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, олон улсын шууд нислэг хүлээн авах, нислэгийн давтамжийг өсгөхөөр төлөвлөж буйгаа ЗТХЯ-наас танилцууллаа. Түүнчлэн энэ онд багтаан АНУ-аас гадна Унгар, Азербайжан, Грек, Испани зэрэг улстай шууд нислэг үйлдэх хэлэлцээр байгуулахаар ажиллаж эхэлснийг салбарын сайд С.Бямбацогт онцлов. Аялал жуулчлалын компаниудын төлөөлөл орон нутагт зорчих тийзийн үнийг хямдруулах, нислэгийн давтамжийг нэмэх, олон улсын нислэгийн зарим чиглэл болон төмөр зам, авто тээврийн үйлчилгээг сайжруулахыг хүслээ. Тухайлбал, Улаанбаатараас Хөх хот, Эрээн, Бээжин чиглэлд галт тэрэг, унтлагын автобус зорчуулахад анхаарч ажиллабал зохихыг хэлсэн бөгөөд БНХАУ хилээ бүрэн нээгээгүй байгаа ч боломжит хувилбараар шийдвэрлэхээ албаныхан тэмдэглэв.