УИХ-аас байгуулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримт шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг өчигдөр эхлүүллээ. Сонсголын эхний өдөр Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, тус банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан 63 гэрчийг дуудуулснаас эрх бүхий байгууллагуудын шалгалттай хамаатай нь 28 албан тушаалтан байв. Тэдгээрээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан М.Баярмагнай, дэд захирал асан Ч.Энхбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нар эрүүл мэндийн шалтгаанаар, дэд захирал асан Я.Сод-Эрдэнэ АТГ-аас эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан, шалгагдаж байгаа, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр хуулийн байгууллагад мэдээллийн нууцыг задруулахгүй байх баталгаа гаргаж өгсөн учраас сонсголд оролцохгүйгээ мэдэгджээ. Мөн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхантай холбогдож чадаагүй, сүүлийн жилүүдэд АНУ-д амьдарч байгаа гэсэн мэдээлэл авсан байна. Харин Хөгжлийн банканд ажиллаж байсан Г.Батсүх шалтгаангүйгээр ирсэнгүй.
Сонсголын үеэр өрнөсөн асуулт, хариулт, байр суурийг тоймлон хүргэж байна. Анх Засгийн газар 2016, 2019, Үндэсний аудитын газар 2019, 2021, Монголбанк, Сангийн яам хамтран 2018, 2020, УИХ 2022 онд Хөгжлийн банканд шалгалт оруулснаас нийт 170 гаруй зөрчил илрүүлж, 192 дүгнэлт гаргажээ. Улмаар зөрчил, дутагдлыг арилгах 132 зөвлөмжийг холбогдох байгууллагууд Хөгжлийн банканд хүргүүлсэн байна. Хөгжлийн банк нь ажлаас чөлөөлөгдсөн 14 хүнд 192 сая төгрөгийн тэтгэмж өгснийг түр хорооны дарга Б.Энхбаяр тодотголоо. Нэр бүхий хүмүүсийг бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийн дагуу ажлаас нь чөлөөлж, 4.3-61 сая хүртэлх төгрөгийн тэтгэмж олгожээ. Түүнчлэн Хөгжлийн банкны охин компанид ажилладаг гэх үндэслэлээр зургаан хүн цалин давхардуулан олгоход 159 сая төгрөг гаргасан байна.
Ж.СҮХБААТАР (Дээрх түр хорооны дарга Б.Энхбаяр 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байхдаа Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан тул тус сонсголд гэрчээр оролцсон бөгөөд түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар сонсголыг түр даргалав): -2016 онд байгуулсан ажлын хэсгийн шалгалтын үр дүнг нуун дарагдуулсан гэх мэдээллийг тодруулна уу. Тус ажлын хэсгээс зөрчил хэмээн тогтоосон 703 тэрбум төгрөгийн мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ?
Б.ЭНХБАЯР (УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкийг 2016 онд шалгасан ажлын хэсгийн ахлагч): -Би 2016 оны наймдугаар сарын 8-нд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон. Үүнээс хоёр хоногийн дараа Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч болж, 21 хоногийн хугацаанд ажиллан, дүнгээ Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн юм. Тус ажлын хэсэг Монголбанк, Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл бүхий 24 хүний бүрэлдэхүүнтэй. Бид удирдамжид заасан хугацаанд дүнгээ Засгийн газарт танилцуулсан. Харин эхлээд танилцуулахад хаалттай сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргасан юм. Учир нь тухайн үед буюу 2016 оны есдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох талаар хэлэлцээр байгуулахаар ажиллаж байсан юм. Тус хөтөлбөрт хамрагдахгүй бол манай нийгэм, эдийн засгийн нөхцөл дампуурлын ирмэгт байсан. Үндсэндээ Хөгжлийн банк ч дампуурчихсан нөхцөл байдлыг бид шалгалтаараа тогтоосон. Энэ нь өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахад саад учруулж болзошгүй байна гэж үзсэн учраас хаалттай хэлэлцэж, улмаар шалгалтын материалд нууцын тамга дарсан. Тиймээс олон нийтэд мэдээлэх боломж бүрдээгүй. Улмаар хаалттай хуралдаанаас шалгалтыг үргэлжлүүлэх үүрэг өгсөн юм. Гэвч 20 гаруй хүнтэй ажлын хэсгийнхэн улсын хэмжээнд ажиллаж, 371 төсөл, арга хэмжээг 21 хоногийн дотор нэг бүрчлэн хянах боломж байгаагүй учраас салбарын сайд нар нь эрхлэх асуудлынхаа хүрээнд шалгахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн тухайн үед хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой бүх материалыг хүргүүлсэн. Одоогоор хариуцлага хүлээсэн хүн байхгүй.
Н.АДИЛБИШ (2016 онд Хөгжлийн банкийг шалгасан дэд ажлын хэсгийн ахлагч): -Хөгжлийн банкны эрсдэлийн түвшинд тогтмол хяналт орхигдсоор ирснийг анхаарчшийдвэрлэх ёстой гэж үзсэн. Үүний дараа буюу 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталж, байгууллагын эрсдэлийн түвшнийг тогтоох хоёр гол зохицуулалтыг журамласан. Тухайн үед уг журмыг гүйцэтгэх захирал нь баталж, өөрчлөөд явдаг байсан юм. Нийт 5.6 их наяд төгрөгийн зээл гаргасныг гурван багц болгож хэлбэл, нэгдүгээрт, гурван их наядын буюу улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, “Чингис” бондын эх үүсвэрээс олгосон 348 төсөл, арга хэмжээ юм. Гэхдээ үүнээс 128 сая ам.доллар нь Хөгжлийн банкны орлого, “Чингис” бондын хөрөнгө биш. Сангийн яамтай байгуулсан Санхүүгийн зуучлалын гэрээгээр улсын төсвөөс эдгээр зээлийг эргэн төлөхгүй бол “Чингис” бондын төлбөрийг Хөгжлийн банк Засгийн газарт төлж, суутгахаар байсан учраас энэ багцыг эрсдэлгүй гэж үзсэн. Гэхдээ тус багц доторх төслүүдийг хэрэгжүүлэгч тал буюу захиалагч яамд нь ший дэж, сонгон шалгаруулалтыг нь хийн, зөвхөн зээл олгох тухай бичгээ Хөгжлийн банканд ирүүлснээр санхүүжилтийг нь гаргадаг бай сан юм билээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банканд эдгээр төслийн хэрэгжилт, хяналтын талаар ямар ч бичиг баримт байгаагүй учраас бид шалгах боломж бүрдээгүй. Тиймээс яамдад нь үргэлжлүүлэн шалгах чиглэл өгснийг Б.Энхбаяр гишүүн сая хэллээ. Үүн дотроо 1.3 их наяд нь авто зам, “Гудамж”, “Шинэ төмөр зам”, “Эгийн голын усан цахилгаан станц”, “Амгалан” станц, зургаан хувийн хүүтэй орон сууцынсанхүүжилт байсан. Ихэнхдээ эдгээр төслийг хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлсэн байдаг. Хоёр дахь багцад Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зээлүүд бий. Эдгээрийг орлогоороо төлөх байтал хүү нь 146.3 тэрбум төгрөгт хүрсэн байсан. Ингээд бид 498.7 тэрбум төгрөгөөр ашгийг нь бууруулсан. Энд зөвхөн зээлийн хугацааны ангилалд үндэслэн ярьж байгаа юм шүү.
Т.ДОРЖХАНД (УИХ-ын гишүүн):-2016 онд илрүүлсэн 1.3 их наяд төгрөгийн зөрчлийг нууцалснаас хамаг асуудал үүсжээ. Үүндээ тайлбар өгнө үү.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН (Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан): -Т.Доржханд гишүүн ээ, та арай хэтрүүлж байна. Намайг байхгүй хойгуур ийм асуудал болсон юм билээ. ОУВС-гийнхан манай Хөгжлийн банканд асуудал үүсэж, хүндэрснийг мэдэж байсан. Хөрөнгө оруулагч нарын дунд бодит байдлаас өөр, хэт сөрөг мэдээлэл цацчих вий гэдгээс л болгоомжилсон хэрэг. Намайг Сангийн сайдаар ажиллаж байхад 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх хугацаа тулчихсан байсан нь хамгийн том сорилт байсан юм. Тийм ч учраас өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан. Бусад шалтгааныг нь би мэдэхгүй.
Т.ДОРЖХАНД: -Нийт 5.6 их наяд төгрөгийн зээлээс гурван их наядыгнь төсвөөс эргэн төлнө гэж байжээ. Тэдгээр төслийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн юм чинь, Хөгжлийн банк дампууралгүй яадаг юм бэ. Намайг Сангийн яаманд ажиллаж байхад ийм гэрээнд гарын үсэг зурдаггүй байсан. Тухайн үед Хөгжлийн банкнаас шахдаг байв уу. Сангийн яамнаас үүнд ямар байдлаар хандаж байсан юм бэ. Та нар олон улсын байгууллагаас мөнгө авах болохоороо мэдээллээ нууцалдаг байсан юм уу?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Б.Энхбаяр гишүүн санхүүгийн мэргэжилтэн биш. Бодсоноо л хэлсэн байх. ОУВС-гийнхнаас нуух гэж шалгалтын дүнг хаалттай хэлэлцээгүй. Хөрөнгө оруулагч нарын дунд бодит бус мэдээлэл тархах вий гэсэн болгоомжлол байсныг үгүйсгэхгүй. Засгийн газар өр ихтэй байхдаа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нэг их наяд төгрөгийг Хөгжлийн банкны дүрмийн санд нь хийснээр дампууруулахгүй авч үлдсэн юм.
Б.ЭНХБАЯР (Хянан шалгах түр хорооны дарга): -Хөгжлийн банк 2019 оны долдугаар сарын 3-наас 400 тэрбум төгрөгийн нэмэлт “цонх” нээж, зээл олгож эхэлсэн шалтгааныг тайлбарлана уу.
Г.АМАРТҮВШИН (УИХ-ын гишүүн, тухайн үед Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан): -Би 2019 оны зургадугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Эхний ээлжид зээлийн багцын чанарт банкир хүний хувьд дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ тайлагнасан. Тухайн үед 1.1 их наяд төгрөгийн зээлийн багц чанаргүй болж, хүүгийн орлого нь тасалдахаар байгааг анхааруулсан юм. Банк үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжтой ч зөвхөн зээлээр л санхүүжүүлнэ. Жишээлбэл, Засгийн газрын, ноос, ноолууртай холбоотой хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлынхүрээнд тодорхой хэмжээний зээл олгохоор байсан юм. Иймд Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагуудтай ярилцаж байгаад Монголбанкнаас тодорхой дэмжлэг хүсэж байлаа. Хариуд нь гарч байгаа зээлдээ хяналт тавьж, тайлангаа хүргүүлэхээ амласан л даа. Хөгжлийн банкны зорилгод нийцсэн зээл, эсэхийг нь ярьж л байсан. Уул уурхай, хөрс хуулалттай холбоотой зээл Хөгжлийн банкны зээлийн зорилгод нийцэж байсныг хэлье. Тухайн үед ч, одоо ч нүүрс бол манай экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн. Тиймээс туслан гүйцэтгэгч компанийг дэмжих нь зөв гэж үзсэн. Манай улсын том уурхайнуудын хөрс хуулалт болон бусад ажиллагааг гадаадынхан гүйцэтгэдэг байсан шүү дээ. Улмаар үндэсний компанийг дэмжих зээлүүдийг баталж, гаргасан юм. Өөрөөр хэлбэл, бид ингэж багцынхаа хязгаарлалтыг сулруулах нь зөв байсан. Мөн муу зээлийн талаар авах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, зээлдэгчдийнх нь мэдээллийг хуулийн байгууллагад хүргүүлсэн. Өмнөх сонсголын үеэр эрсдэлтэй зээлийг санхүүжүүлсэн гэж надтай холбон ярьсан тухайд тодруулъя. Эрсдэлгүй зээл гэж байдаггүй гэв.