Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ амралтын өдрүүдэд ХСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа "Эмч ажиллагсдын дийлэнх нь залуучууд юм. Туршлагатай сайн эмч нар ч олонтой. Эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх талаар чамгүй ахицтай ажиллаж, олон хүний эрдэнэт амийг аварсан, олон хүнийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажлыг амжилттай хийж байгаа юм.
Гагцхүү жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хавдрын өвчнийг эмчилж эдгэрүүлэх, эрт үед нь илрүүлэх ажлын ачаалал маш их, дээр нь байр савны багтаамж муу, зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай зэрэг асуудал байгааг яаралтай шийдэж өгөхийг хүсч байлаа. Үйлчлүүлэгчдээс Хавдрын үндэсний төв хэрнээ зарим оношлогоо шинжилгээг хувийн эмнэлгээр хийлгүүлдэг гэсэн шүүмжлэл ч ирдэг.
Тиймээс эхний ээлжинд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй 10 сая ам.долларын төслийн хүрээнд ХСҮТ-д нэн шаардлагатай MRI, компьютерт томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авч нийлүүлэх асуудлыг шийднэ.
Химийн эмчилгээнд шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийн санхүүжилтийг Австрийн төслөөр шийдэх боломжгүй бол Дэлхийн банк зэрэг донор байгууллагууд руу хандаж арга зам хайна. Шийдэх боломжтой гэж үзэж байгаа.
ХСҮТ-ийн амбулатори дотор “Медпортал” нэртэй хувийн оношлогооны эмнэлэг ЭМЯ-ны шийдвэрээр 2019 оноос 190 ам метр талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй.
ХСҮТ компьютерт томографаар оношлогоо шинжилгээ хийх боломжтой учраас “Медпортал”-д энэ төрлийн оношлогоог хийлгэхэд үйлчлүүлэгч бүх төлбөрөө хувиасаа гаргадаг.
Харин MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг ХСҮТ хийх боломжгүй тул эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг гэж байв.
Төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдээд өгөх тул хавдрын урдаа барьдаг ганц төв оношлогоо, шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ гэж үзэж буй учраас “Медпортал” эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав гэдэг үүргийг ХСҮТ-ийн удирдлагуудад өглөө" хэмээн мэдээллээ.