УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг “нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Өмнөхөн нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ даргадаа уламжлаад буй. Мөн л хууль, хяналтын байгууллагаас түүнийг эл хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталчихсан. Тус хэргийн улмаас улстөрч, улс төрд нөлөө бүхий 17 хүнийг шалгаж эхэлснээ АТГ-аас зарласны дотор УИХ-ын долоон гишүүн бий. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татах тогтоолыг баталсан байна. Одоогоор УИХ-ын дөрвөн гишүүн дээрх хэргийн улмаас хуулийн байгууллагаас тогтоол гардан аваад буй нь энэ.
Ийн “нүүрсний” гэх хэрэгт холбогдогч гишүүдийн тоо өдрөөс өдөрт өссөөр тэд парламентад “бүлэг”-тэй болчихлоо. Цаашид тус “бүлэг”-ийн бүрэлдэхүүн өргөжихгүй гэх газаргүй. Яллагдагчаар татагдах гишүүний тоо нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй. Улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналаа эрх бүхий байгууллагаас парламентын удирдлагад удахгүй уламжлах сураг ч байна. Мөн өргөдлөө өгөх гишүүн Ж.Мөнхбатаар тогтохгүй байж ч мэднэ.
...Тус хэргийн улмаас улс төрч , улс төрд нөлөө бүхий 17 хүнийг шалгаж эхэлснээ АТГ-аас зарласны дотор УИХ-ын долоон гишүүн бий. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татах тогтоолыг баталсан байна. Одоогоор УИХ-ын дөрвөн гишүүн дээрх хэргийн улмаас хуулийн байгууллагаас тогтоол гардан аваад буй нь энэ ...
Өнгөрсөн хавар буюу өдгөөгөөс жилийн өмнө Хөгжлийн банкны чанаргүй зээл тойрсон дуулиан ид “өндрөө авч” байх үед уг хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын нэрийг парламентад “оруулж” байв. Тухайн үед тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, “Гишүүн байхад нь шалгаж болно шүү дээ” гээд “ангийн нөхөд” нь аваад үлдчихсэн. Гэхдээ тэдний холбогдсон хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан дээрх дөрвөн гишүүн гэм буруутай, эсэхийг шүүх удахгүй дэнсэлнэ.
Ингээд тоолбол одоогоор “Хөгжлийн банкны” болон “нүүрсний” гэх хэрэгт нэр бүхий найман гишүүн яллагдагч болоод байна. Нэрийг нь зарласантай нь нийлүүлбэл нийт 13 гишүүн хэрэгт “холбогдчихож”. Үүн шиг олон гишүүн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдан, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх, эсвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, бүр эгүүлэн татагдах эрсдэлтэй нүүр тулсан парламент манай түүхэнд үгүй. Энэ нь УИХ-ын хууль батлах үйл явц, хэвийн ажиллах нөхцөлийг ч тасалдуулахад хүргэж мэдэх нь. Жишээ нь, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх нь ойрын үед анхаарал татаж буй. Хэзээ хэлэлцэж болохыг нь хоног, өдрөөр нь заачихсан хуулийн хязгаарлалттай тул бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөх тийшээ хандаж буй УИХ-ын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өдгөө ярихаас ч өөр сонголт үгүй юм. Үндсэн хууль, өөр бусад хуульд зааснаар УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сараас доошгүй хугацааны өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахыг хориглодог. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол энэ ондоо л багтаж батална гэсэн үг. Ингэхдээ нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батлах ёстой. Хамгийн багадаа 57 гишүүн дэмжиж байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа юм. Энэ бол Монгол Улсын парламентын хууль батлах хамгийн өндөр босго (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулах, УИХ тарах шийдвэрийг нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнээр гаргах заалттай). Дээр дурдсан 13 гишүүний “асуудал” гүнзгийрч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, эгүүлэн татагдвал ирц хүрэхгүй, дэмжлэг дутахаар буй юм. Учир нь нэр бүхий 13 гишүүнээс гурав нь буюу Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг нар л эрх баригч намынх биш, цөөнхийнх. Олонхыг бүрдүүлж буй Ардын намаас 10 гишүүн хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдчихоод байгаа юм шүү дээ. Магадгүй ХҮН намын Т.Доржханд, АН-ын 10 гишүүн (намынхантайгаа таардаггүй Д.Ганбат, өөрийгөө АН-ынх болгочихсон С.Ганбаатар нарыг оролцуулан) Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй, бойкот хийн хуралдаанд оролцохгүй байхад л ирц ч бүрдэхгүйд хүрэх нь. Энэ удаагийн УИХ гишүүдийнхээ балгаар ийм л эгзэгтэй, эмгэнэлтэй байдалд орчихоод байна.
Мэдээж эрх баригчид энэ бүхнийг тооцож, гишүүдээ тавьж явуулахгүй байх талтай. Тэгээд ч манай улстөрчид шалгуулахаас зайлсхийж, халдашгүй байдлынхаа араар нуугддаг, бултдаг. Гишүүнээ хамгаалж, авч үлдэх гэсэн сонирхол аль ч парламентад байсаар л ирсэн. Өнгөрсөн УИХ гэхэд хүчирхийллийн хэрэгт холбогдсон Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх шийдвэрийг “нүүрээ улалзуулж” байгаад л гаргасан удаатай. Гэхдээ хууль бус, шударга биш зүйлсэд нэр нь холбогдсон нөлөө бүхий хүмүүсийг парламент гэхээс илүүтэй нам, бүлэглэл, дарга, тойрон хүрээлэгчид нь хамгаалдаг гэвэл үнэнд илүү ойр байж ч мэднэ. Тиймээс ч “Шалгуулаад, нэрээ цэвэрлээд хүрээд ир” гэж хэлж байсан удаа үгүй. Нөгөө талаас улстөрчид, өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийг хуулийн байгууллага, шүүх нь хаацайлдаг, эцэст нь хэн ч ямар ч ял, хариуцлага хүлээдэггүй “жишиг” нэгэнт тогтчихсон гэхэд болно.
Харин энэ удаа гишүүнээс чөлөөлөгдөх тухай Ж.Мөнхбатыг хүсэлтийг УИХ хүлээн авах талтай. Энэ нь өргөдлөө өгсөн гишүүн хийгээд түүнийг нь хүлээн авч, ёсоор болгох, эсэхийг шийдвэрлэх УИХ хоёрын аль алинд нь нэр, нүүрээ аварч үлдэхэд нь бага ч болов тустай. Тэрбээр УИХ-ын тухай хуулийн 10.1.2-ыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад уламжилсан бөгөөд дээрх заалтад “УИХ-ын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн” бол бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болсон гэж үзэхээр тусгасан байна. Гишүүн Ж.Мөнхбат хүндэтгэн үзэх шалтгаанаа “Нэгдүгээрт, настай ээж маань эрүүл мэндийн улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машин гэх мэт олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар явууллаа” хэмээн хүсэлтдээ дурдан, шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ. Тиймээс ч түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтээс өрсөж өргөдлөө өглөө гэж хардах хүн цөөнгүй байгаа юм.
2016-2020 оны УИХ-д гишүүнээр сонгогдсон Н.Номтойбаяр ч үүнтэй төстэй алхам хийж байлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд эцэст нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс өөр аргагүй болсон тул ерөнхий прокурор парламентад саналаа хүргүүлсэн. Ерөнхий прокурорын саналтай зэрэгцүүлэх шахам тэрбээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан юм даг. Д.Гантулгаас ялгаатай нь түүний чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хүлээж аваагүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.
Харин Ж.Мөнхбатын араас хэдэн гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө гаргах, цаашлаад хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэх нь эрх баригчдын нарийн “тооцоолол”-ын дараа тодорхой болох биз. Ингэхдээ хэн хэний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, эгүүлэн татагдах вэ гэдгээ ч харгалзан үзэх нь лавтай.