Нэхэмжлэгч Э-г аймгийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар сарын ..-ний өдрийн ..дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч нь намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хоёрдугаар сард гаргасан ч албан ёсоор надад гардуулж өгөөгүй 2022 оны тавдугаар сард гардуулж өгсөн гэж тайлбарлан ажилгүйдлийн тэтгэмж авахаар холбогдох материалыг аймгийн Нийгмйн даатгалын хэлтэст 5 дугаар сард бүрдүүлж ханджээ.
Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж захирамж гарснаас хойш хоёр сар 19 өдөр өнгөрснөөс хойш Нийгмийн даатгалын байгууллага болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бүртгүүлсэн учраас олгох боломжгүй гэж татгалзжээ.
Улмаар нэхэмжлэгч Э нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн хувьд ажлаасаа чөлөөлөгдсөн хугацаанаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх хуулийн шаардлагыг хангаж ажилгүйдлийн тэтгэмж авах урьдач нөхцөлийг хангасан аж.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан даатгуулагчаас хамаарах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн даатгуулагч нь ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүргээ зөрчиж хугацаа хожимдуулж хандсан байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчид дээрх үндэслэлээр нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг хуульд нийцсэн гэж дүгнэжээ.