Иргэн “Ж”-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөлд нийгмийн даатгалын байгууллагаас татгалзсан хариу өгсөн байх ба иргэн “Ж” нь “Ш” ХХК-д үйлчлэгчээр 1990.09.01-ээс 1994 оныг дуустал ажиллаж байсныг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх тогтоосон аж.
Нийгмийн даатгалын байгууллага татгалзсан үндэслэлээ “Ж-ийн ажиллаж байсан “Ш” ХХК нь 1993,1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байхгүй тул түүний тус компанид ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй. Иймд “Ж”-ийн нийт шимтгэл төлсөн хугацаа 20 жил хүрэхгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй” гэжээ.
Иргэн “Ж” уг татгалзал нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг нийгмийн даатгалын байгууллагад даалгахаар шүүхэд маргасан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж, иргэн “Ж”-д өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж шийдвэрлэжээ.
Энэ тохиолдолд иргэн “Ж”-ийн “Ш” ХХК-д ажиллаж байсныг шүүхээс тогтоосон ба ажил олгогч “Ш” ХХК-аас ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй нь тухайн ажилтныг ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэж үзэх, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзсэн болно.