Йордан улсад ирэх сард болох Азийн хөлбөмбөгийн холбооны цомын АШТ-ий урьдчилсан шатны D хэсэгт Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны шигшээ багийнхан өрсөлдөнө. Тус тэмцээнд өрсөлдөх шигшээ багийн 23 тоглогчийг албан ёсоор зарлажээ. Тэд ахлах дасгалжуулагч Кавамото Наокогийн удирдлагад бэлтгэл сургуулилалтаа хийж эхлэв. Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд зохион байгуулах 21 аймгийн футзалын АШТ Дорноговь аймгийн Сайншанд сумд ирэх сарын 26-нд болно. Үүнд түрүүлсэн багийнхан нь Улаанбаатар хотын аваргуудтай “Үндэсний цом”-ын төлөөх тэмцээнд нэмэлт тоглолт хийх нь. Түүнчлэн Зүүн Азийн залуучуудын наадмын 11 спортын төрлийн нэгээр хөлбөмбөгийг сонгож, наймдугаар сарын 16-23- нд нийслэлд олон улсын тоглолтууд зохион байгуулахаар болсон байна.