ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл шинэчлэн байгуулагдаж, 2023 оны эхний хуралдаанаа өчигдөр хийжээ. Энэ үеэр өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, энэ жил хэрэгжүүлэхээр дэвшүүлж буй төлөвлөгөөний төсөл болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2023 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэн аж. Тус зөвлөл ньгазар тариалан, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүнс, инновац, ургамал хамгаалал, мал эмнэлэг, мал аж ахуй, биотехнологи, эдийн засаг, бизнес, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаач, доктор, профессоруудаас бүрджээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотооддоо 19 нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ойрын жилүүдэд үйлдвэрлэж, улмаар экспортлогч орон болох зорилт дэвшүүлсэн. Эл зорилтыг хэрэгжүүлэхэд зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачдын оролцоог хэрхэн хангах талаар санал солилцсон байна. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллахад санал нэгдсэнийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Бэлтгэсэн Ц.Ундрал