Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ахмад настнууд, “Эхийн алдар” одонтой ээжүүдэд бэлэг авч өгөхөөр 2.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендер зарласан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, тус дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас ахмадуудад еэвэн, гурил, будаа бүхий бэлгийн багц өгөхөд 1.3 тэрбум, “Эхийн алдар” одонтой ээжүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн буюу гар, нүүрний тос зэргийг бэлэглэхэд зориулан 900 сая төгрөгийн тендер зарласныг иргэд ихэд шүүмжилсэн билээ. Өөрөөр хэлбэл, төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтээр зайлшгүй шаардлагатай бус зүйлд зарцуулахыг олон нийт ихэд эсэргүүцсэн юм. Үүнтэй холбоотойгоор тус дүүргийн ЗДТГ-аас дээрх хоёр тендерээ цуцлахаар болсноо мэдэгдэв. Түүнчлэн ахмад настан болон ээжүүдэд ийнхүү бэлэг өгөхгүйгээр тэдний нийгэм, соёлын болон эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна гэсэн байна. Тус дүүрэгт 18 000 гаруй ахмад настан, “Эхийн алдар” одонтой 8000 орчим ээж оршин суудаг бөгөөд тэдэнд бэлэг өгөхөөр төлөвлөсөн байжээ.
Бэлтгэсэн М.Оч