Монгол Улс анх удаагаа цахим орчинд хяналт тавих хуультай болох гээд бэдэрч явна. Цахим орчинд хяналт хэрэг байгаа юу гэвэл, байгаа. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй залилан, бэлгийн мөлжлөгийг гэмт хэрэгтнүүд цахимаар үйлдэж байгаа нь бидний цахим хэрэглээний боловсролгүй байдлаас үүдэлтэй. Өсвөр насны охиныг мэхэлж нүцгэн зургийг нь аваад, улмаар сүрдүүлэн дур хүслээ хангадаг, цаашлаад биеийг нь хүчээр үнэлүүлж байсан мэдээ өнгөрсөн долоо хоногт түгсэн. Түүний дор бүгд гэмт этгээдийг харааж байсан. Хэрэв охин сүрдүүлэгчийн заавраар байгаагүй бол “Биеэ үнэлэгч” гэсэн нүцгэн зураг нь цахимд түгж, Монголд амьдрах аргагүй болтол нь бүгд түүнийг хараах байв. Магадгүй охин амиа хорлох байдал ч үүсэж болзошгүй. Тиймээс цахим орчинд хяналт, зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Гэхдээ хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөхгүй байх нь чухал.
Тус хуульд Ерөнхийлөгч хориг тавих мэдээлэлтэй зэрэгцээд “Мета” компанийн Төв Ази дахь салбарыг хариуцсан захирал Жорж Чен твиттер хаягаараа дамжуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг битүүгээр “худалч” хэмээн зарлав. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд “Мета” компанитай хамтарч ажиллана, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” хэмээн өнгөрсөн оны есдүгээр сард твиттер хуудсандаа бичиж байв. Хэвлэлүүд ч энэ талаар тухайн үед мэдээлж байсан. Гэвч тус жиргээний дор Жорж Чен өнгөрсөн баасан гарагт “Худал. Бид хуулийн төслийг хараагүй, батлагдсаных нь дараа харлаа” хэмээн бичсэн. Үүнээс үүдээд Х.Нямбаатарыг бүгд элдэвлэж, өнөөдөр ч үргэлжилж байна. Жорж Чений тайлбарын дараа “Мета” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч А.Бямбажаргал “ХЗДХЯ-тай өнгөрсөн жил “Meтa” компанийн төлөөлөл болон миний бие уулзсан. Дээрх tweet-н дагуу хамтран ажиллах талаар ярилцсан ба яг ажил хэрэг болж эхлээгүй байсан. Би тэр үеийн хуучин хуулийн драфтыг аваад орчуулганд өгсөн ба “Meтa”-д өгөөгүй байсан. Мэдээж бид үргэлж хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дээдлэн ажиллах ба шинэ хуулийг англи хэлээр хүлээн авч манай хуулийн багийнхан судалж эхэлсэн байгаа” гэх мэтээр тайлбарласан. Үүнээс үзвэл Х.Нямбаатар, Жорж Чен нар уулзсан нь үнэн, хамтарч ажиллахаар ярилцаж, санал солилцсон нь ч үнэн болж таарлаа.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр “Энэ асуудал хувь Нямбаатарын асуудал биш, тусгаар улсын асуудал. Нийтэд намайг худалч хэмээн зарласан Жорж Чений уулзалтын протоколыг түүнд хариуцлага тооцох хүсэлтийн хамт “Мета” компанид илгээнэ. Жорж Чен уучлал гуйх ёстой. Хэрэв уучлал гуйхгүй бол шүүхэд хандана” гэж хэвлэлээр мэдэгдлээ. Энэ удаа Х.Нямбаатарын зөв. Тусгаар тогтносон улс дотоод асуудлаа өөрсдөө шийдэж, бүх зүйлээр тусгаар тогтнолоо баталгаажуулж байх ёстой.
Үүнээс гадна ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ үеэр хэд хэдэн ноцтой зүйл хэлсэн. Тухайлбал, төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан и-мэйл явуулж, Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ гэсэн гэв. Үнэн бол энэ аймшигтай зүйл. Тиймээс бид Х.Нямбаатарыг элэглэж, элдэвлэх биш Жорж Ченийг, цаашлаад Монгол төрийг үл тоож байгаа “Мета”-г шүүмжилж, элэглэх ёстой юм. Тэрбайтугай, төрийн албан хаагчийг дарамталсан, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ гэсэн санаа илэрхийлсэн ажилтан, албан тушаалтандаа хариуцлага тооцохыг нийтээрээ шаардах нь зүйтэй.
Бэлтгэсэн Б.Магнай