УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагатай уулзаж, зарим чиглэл өгөн ажиллаж буй. Энэ ажлын хүрээнд долоо хоногийн өмнө Монголбанкны удирдлагуудтай уулзаж, хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг, даалгавар өгсөн юм. Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр УИХ-ын даргатай уулзаж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрбээр экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, холбогдох яамд болон төрийн бусад байгууллагатай хэрхэн хамтран ажиллах, 2023 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй байх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах чиглэлээр хэрхэн ажиллахаа тусгасан төслөө УИХ-ын даргад өргөн барив.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо, Эдийн засаг, хөгжлийн яамнаас байгуулсан ажлын хэсэгтэй хамтран Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлгийг энэ сарын 9-нд зохион байгуулах чиглэл өгсөн юм. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төвбанкны зүгээс банкуудын IPO зарлах ажлыг хуульд заасан хугацаанд гүйцэтгэхэд анхааран ажиллаж буйгаа дуулгав. Өнгөрсөн онд “Голомт”, “Төрийн банк” IPO зарласан бол ХААН, “Хас”, Худалдаа, хөгжлийн банкныхыг хуулийн хугацаанд буюу энэ оны зургадугаар сараас өмнө зохион байгуулна гэлээ. Түүнчлэн “10 их наядын хөтөлбөр”-т тусгасан, гурван хувийн хүүтэй зээлийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийн, төлөлт болон эрсдэлд нь анхааран ажиллаж байгаагаа дурдаад, тайлан, мэдээг нь ирэх хаврын чуулганд танилцуулна хэмээсэн юм. Түүнчлэн цахим орчинд яригдаж буй, Төвбанкны удирдлагууд банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой, эсэх талаар бүх ажилтандаа асуулга тавьж, АТГ-т хандсан гэнэ. Үүнээс гадна Монголбанкны улсын байцаагчийн болон ёс зүйн дүрмийн дагуу тодорхой арга хэмжээ авч байгаа бөгөөд үр дүнг ньолон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна. Монголбанкны зүгээс экспортыг дэмжих чиглэлээр 2022 онд хийсэн ажлуудаа энэ жил үргэлжлүүлж байгаа аж. Тэр дундаа уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг ногоон хөгжил рүү түлхүү чиглүүлэх боломж бүрдүүлэх, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татахаар уулзалтууд хийж эхэлжээ. Б.Лхагвасүрэн “Уул уурхайн бус экспорт, тэр дундаа ноолуурыг нэмүү өртөг шингэсэн, боловсруулалт сайтай бүтээгдэхүүн болгохоор холбогдох яамтай хамтран ажиллаж байгаа. Бид 10 мянган тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод, экспортол бол жилд дунджаар 1.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэсэн тооцоо гаргаад байна. Нэг жишээ дурдахад, өнгөрсөн онд “Оюутолгой” компанийн орлого 1.4 тэрбум ам.доллар байсан. Бид ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгоод, экспортолж чадвал ийм хэмжээний орлого бүрдүүлэх бүрэн боломж бий” хэмээлээ.
Бэлтгэсэн У.Наран