“Дижитал үндэстэн”-ий төрийн үйлчилгээний хамгийн том цахим систем “E-Mongolia” саяхан “шалгалт”-д бүдрэв. Тус системийг 2020 оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулснаас хойш хоёр жил дөрвөн сар өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, эл системийг хөгжүүлж, хэрэглээг илүү хялбарчлан, улмаар аюулгүй байдлыг нь ханган, ер нь л бүх талаар нь сайжруулах хугацаа хангалттай байсан юм. Гэтэл эсрэгээрээ, уг системд найдах аргагүй гэдгийг хүн амын, өрхийн мэдээллийн “холион бантан”-гаас ойлгов. Техник, технологийн эрин үед иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах нь хамгийн чухал. Гэтэл төрийн цахим систем нь хүртэл иргэдийнхээ мэдээллийг будилаантуулж, төр, засгийнхан нь өөрсдөө цахим аюулгүй байдлыг алдагдуулж байгаа нь бидний түгших шалтгаан юм.
Энэ оноос хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн нь “E-Mongolia” болон төрийн бүртгэлийн системийн алдаа, завхралыг илчиллээ. Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах, эсэхээ шалгах гэтэл “E-Mongolia” бараг бүтэн өдрийн турш гацаж, саатав. Систем гацсан шалтгааныг Цахим хөг жил, харилцаа холбооны яамнаас ердийн үеийнхээс хэт олон хүн хандсантай холбон тайлбарлалаа. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Нэгдүгээр сарын 16-ны 22.00 цагийн байдлаар 300 000 хүн системд зэрэг хандлаа. Энэ нь энгийн үеийнхээс 15-20 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мэдээллийг бид иргэдэд “E-Mongolia”-гаар дамжуулж харуулах бэлтгэлийг хангахдаа ачааллыг 10 дахин ихэсгэхэд сервер унах эрсдэлгүй гэж тооцсон. Гэвч ачаалал 20 дахин нэмэгдсэнээр сервер унасан. Тиймээс Дархан-Уул аймаг дахь Дата төвөөс нэмэлт төхөөрөмж авчран байршуулж, “E-Mongolia” системийг хэвийн үйл ажиллагаанд оруулсан” хэмээн мэдээлсэн юм.
Монгол Улсын хүн амын тоо 3.4 сая. Хэрэв“E-Mongolia” үндэсний хэмжээний систем юм бол бүх иргэн, ядаж хүн амын тал хувь нь хандахад ч ямар нэгэн асуудал тулгарахгүй байх ёстой бус уу. Гэтэл 10 ч хүрэхгүй буюу дөнгөж 8.8 хувь нь хандахад л ачааллаа дийлэхгүй гацаж байгаа нь эрх баригчид өнгөрсөн хугацаанд “Цахим үндэстэн” хэмээн өөрсдийгөө хэт хөөргөхөөс өөр ажил хийгээгүйн үр дүнг хангалттай илэрхийлэх биз ээ. Хэдхэн хүн хандахад хэвийн ажиллаж чаддаггүй системд бид итгэж, хувийн мэдээллээ даатгах нь зөвүү гэдэг асуултад хариулах эрх мэдэлтэн одоо болтол алга.
Түүнчлэн “E-Mongolia”-гаар дамжуулан иргэдийн мэдээллийн эх, адгийг нь алдагдуулж орхисон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хорооныхон өдий хүртэл хариуцлага хүлээсэнгүй. Энэ бол Монгол Улсын иргэний мэдээллийг яаж ч өөрчилж болдгийн тод жишээ юм. Үнэндээ нэг өглөө босоод ирэхэд улсын бүртгэлээс бүр хассан ч байж мэднэ. Монголын төр, засаг иргэдийг үүнд буруутгаж, байр, машинаа зарахдаа, эсвэл шилжилт хөдөлгөөн хийхдээ хуучин бүртгэлээсээ хасуулдаггүйгээс ийм будилаан үүссэн хэмээсэн. Улмаар иргэддээ төвөг удаж, холбогдох 10 гаруй газарт биечлэн очиж, мэдээллээ засуулахыг тулган шаардаж байна. Үндсэндээ “E-Mongolia”-гийн тарьсан балгийг иргэд өөрсдөө засуулах нь тодорхой болов. Жишээ нь, өрхийн ам бүлийн мэдээлэл зөрүүтэй бол орон нутагт оршин суудаг иргэд баг, нийслэлийнхэн хороондоо очиж засуулна. Хүүхдийн нэр зөрүүтэй бол өөрт ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид, хүүхдийн тоо зөрүүтэй бол баг, хорооны Засаг даргад хандах нь. Өрхийн тээврийн хэрэгслийн мэдээлэл зөрүүтэй бол харьяа аймаг, дүүргийн Авто тээврийн төвд хандана. Цалингийн мэдээлэл зөрүү тэй бол харьяа нийгмийн даатгалын байгууллагад, өрхийн орлогын мэдээлэл зөрүүтэй бол татварын албанд хандахыг дижитал систем буюу “E-Mongolia”-гаас иргэдэд “зарлигдсан” байна. Түүнчлэн хүүхдийн мөнгөө авмаар байгаа бол энэ сарын 8-ны 17.00 цагаас өмнө бүх мэдээллийн зөрүүгээ засахыг шаардсан байх юм.
Иргэд ч арга буюу төрийн байгууллагад биечлэн очиж, мэдээллээ засуулсаар байгаа. Гэсэн ч бараг алхам бүрт нь бэрхшээл ундарсаар буй гэнэ. Тухайлбал, “Хүүхдээ олж авах, эсвэл бусдын хүүхдийг буцааж өгөх гэх мэт асуудал хороодод бөөгнөрч, дараалал, ачаалал ихтэй болжээ” гэж иргэд ярьж байна. “Миний дөрвөн настай охин над дээр бүртгэлгүй байна гэдэг асуудлаар хороо оров. Гэтэл миний охин огт танихгүй нэлээд олон хүнтэй хамт нэг өрхөд бүртгэгдсэн байлаа. Хүүхдээ буцааж авъя гэтэл хорооныхон уг мэдээллийг засах боломжгүй гэсэн” хэмээн нэгэн иргэн нийгмийн сүлжээнд бичжээ. Хороондоо очоод л мэдээллээ засуулчихна гэх мэтээр албаныхан амарханаар тайлбарлаж байгаа. Гэсэн ч бодит байдалд төрийн албаны доод, дунд шатныхан хүнд суртал гаргадаг, эсвэл алдаатай мэдээллийг нь засаж залруулж чаддаггүй, болдоггүй гэх “хана”-тай нүүр тулж буйг олон иргэн ярьж байна. Яг ийм асуудлаар хүүхдүүд нь мөнгөнөөс хасагдсан гэх ээжүүдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороонд шаардлага хүргүүлсэн билээ. Энэ асуудлаар 10 000 гаруй ээж фэйсбүүкт бүлгэм үүсгэж, холбогдох газруудад шаардлага тавиад байгааг тэдний төлөөлөл хэлсэн юм.
Засгийн газраас “Цахим үндэстэн” болсон гэж цартахлын үеэс эхлээд гурван жил мөнгө цацаж, их ажил хийснээ гайхуулж, “E-Mongolia”-г нээн, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” байгуулсан. Хэрэв тэдний хэлснээр байсан сан бол бид хуруугаа хөдөлгөөд л хэрэгтэй мэдээллээ аваад, гэртээ суух байлаа. Гэтэл иргэд нь ийнхүү байгууллагаас байгууллагын хооронд, замын түгжрэлд цаас барьж, бодит амьдралаа нотлоход хүрлээ. Юуных нь цахим үндэстэн гэж.
...Хүүхдийн нэр зөрүүтэй бол өөрт ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид, хүүхдийн тоо зөрүүтэй бол баг, хорооны Засаг даргад хандах нь . Өрхийн тээврийн хэрэгслийн мэдээлэл зөрүүтэй бол харьяа аймаг, дүүргийн Авто тээврийн төвд хандана...
Нөгөө талаар мэдээллийн болон цахим аюулгүй байдал манайд огт хангагдаагүй, ер нь ийм ойлголтыг эрх мэдэлтнүүд мэддэг, эсэх нь ч эргэлзээтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан өчигдөр Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги баталлаа гэж мэдээлсэн. Ийм бичиг баримт манайд зөндөө бий. Кибер аюулгүй байдлын тухай хууль ч байгаа. Хамгийн гол нь эдгээрийг хэрэгжүүлэх нь чухал байгааг олон улсын индекс ч “сануулжээ”.
Тодруулбал, 2022 оны “Digital quality of life index” буюу цахим хэрэглээний чанарын индексээр Монгол Улс 117 орноос 90-д жагссан. Азитивийн 30 гаруй орноос 27-д оржээ. Тэр дундаа цахим, кибер аюулгүй байдлаар өмнөх оныхоосоо 3-21 байраар ухарсныг албаныхан анхааралдаа аваасай.
2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг гадаадын зах зээлд зарах нь гэх дуулиан дэгдсэн юм. Үүнийг шалгаж буйгаа холбогдох албаныхан мэдээлж байв. Гэтэл түүнээс хойш нэг жил гурван сарын хугацаа өнгөрөөд байхад монголчуудын мэдээллийг үнэхээр зарсан уу, эсвэл хамгаалж чадсан уу зэрэгт хариулт өгөх мэдээлэл огт алга. Хэрэв мэдээлэл алдагдсан бол хэн ийм байдалд хүргэсэн бэ гэдгийг тогтоож, үүндээ дүгнэлт хийн, системээ сайжруулсан баймаар. Одоо доголдоод буй “E-Mongolia” системд ч ийм аюул тохиолдохыг ч үгүйсгэх аргагүй. Тухайлбал, эл системийн албан ёсны фэйсбүүк хуудас нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 27-нд цахим халдлагад өртсөн юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Энэ нь үндсэн систем рүү чиглэсэн халдлага биш. “E-Mongolia” систем хэвийн ажиллаж байгаа” гэсэн мэдэгдэл гаргаад л өнгөрсөн билээ. Бас л учир шалтгаан тодорхойгүй үлдсэн юм. Иргэдийн мэдээлэл алдагдсан, эсэхэд тайлбар хийгээгүй.
Ийм маягаар “E-Mongolia”-гаач олигтой ажиллуулж чаддаггүй, аюулгүй байдлыг нь хангаж хүчирдэггүй Цахим хөгжил, харилцаа холбооны яам, сайд Н.Учрал интернэтийг хянана хэмээн улайрч, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг гуравхан хоногт батлуулсанд нь Ерөнхийлөгч хориг тавиад байгаа билээ. Цахим аюулгүй байдал алдагдсан ийм тохиолдлууд удаа дараа гарч, улмаар цаашид ч давтагдахгүй гэх баталгааалга. Ялангуяа удахгүй УИХ-ын сонгууль болно. Тэр үед дахиад л иргэний бүртгэлийн бужигнаан үүсэх магадлалтай. Түүнээс өмнө цахим аюулгүй байдлаа хангаж амжих уу, эрх баригчид аа. Уг нь манай улс цахим хөгжил хариуцсан яамтай болсон ч тус байгууллагынхан цахим аюулгүй байдал алдагдсаныг ч хүлээн зөвшөөрөхгүй, үүнд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй хэвээр байна.
Бэлтгэсэн М.Оч