УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолд тусган баталсан хууль, тогтоолын жагсаалтад Улс төрийн намын тухай хуулийн төсөл алга. Уг нь тус төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн (УИХ-ын даргын захирамжаар байгуулсан, гишүүн Ц.Мөнхцэцэг ахалсан) хэдийн бэлэн болгоод, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт хүлээлгэн өгсөн юм билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуулийн төсөл санаачлахаар тусгасан тул төслийг нь Төрийн тэргүүн өргөн барихаар болж, Тамгын газрын дарга нь ажлын хэсгийг ахалсан нь өдгөөгөөс бараг жилийн өмнөх явдал юм. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь төслөө таг дараад, УИХ нь хэлэлцэх асуудлын дараалалд багтаахгүй, жишим ч үгүй суугаа нь юуных вэ.
Ерөнхийдөө дээс томж, шоргоолж найзыгаа авардаг царцааны тухай үлгэрийнх шиг үйл явдал өрнөх гээд байгаа болов уу. Эрх баригч Ардын намынхны хувьд УИХ-ын гишүүдийн тоог нэмээд, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь жинхэнэ “реформ” болно гэж ухуулж буй. Үүнийгээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийх гээд байгаагаа ч зарлачихсан. Сонгуулийн одоогийн 100 хувь мажо ритар тогтолцоог хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хувилбартай “хутгаж”, холимог болгох ажлыг заавал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээлгүй хийх боломжтой ч тэд яарахгүй байгаа. Мажоритар тогтолцоогоор л сонгууль явуулна гэж Үндсэн хуульд заачихсан мэтээр ойлгуулж, тайлбарлаж ирснийг Цэц хагалж, ямар хувилбар сонгохоо хууль тогтоогчид мэдтүгэй гээд шийдчихсэн тул УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ямар байдлаар батлах нь парламентын мэдэх хэрэг болсон. Гэвч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, эсэх нь сонгуулийн тогтолцоог ямар байлгахтай шууд холбоотой болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ 76 гишүүнтэй хэвээр байх уу, эсвэл нэмээд 100 давсан хүнийг сонгох уу гэдгээс сонгуулийн ямар тогтолцоог хуульчлах, холимог болголоо гэхэд мажоритар, пропорциональ гэсэн хоёр хувилбарыг хэдэн хувийн харьцаатай байлгах вэ гэх мэт олон зүйл хамаарах болчихоод буй хэрэг.
Гэтэл цаашлаад үүнтэй нь Улс төрийн намын болон Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль олон талаар холбогдох аж. Жишээ нь, улс төрийн намуудаас сонгуульд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн квотыг нэрлэж болно. Улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлсэн нийт хүний 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар заасан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд дээрх квотыг 20 хувиар тогтоогоод буй. Гэхдээ квот тогтоолоо гээд шууд үр дүнд хүрдэггүй. Квотын үр нөлөөтэй шууд хамааралтай хүчин зүйл нь сонгуулийн тогтолцоо. Өөрөөр хэлбэл, эхлээд парламентын гишүүдийн тоо, дараа нь сонгуулийн тогтолцоо, эцэст нь эмэгтэйчүүдийн квотыг ярьж таарах нь. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ахалсан ажлын хэсгийн боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвших тохиолдолд зорилтот санхүүжилт олгохоор тусгасан юм билээ. Тодруулбал, өдгөө намуудад олгож буй төрийн санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад зориулахаар заасан гэнэ. Бүсгүй чүүдээс гадна ахмад, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгыг ч үүнд хамааруулахаар ярьж буй юм байна. Бас л УИХ-ын гишүүдийн тоо болон сонгуулийн тогтолцооны “тохироо”-г хэрхэн хийснээс хамаарч тусгах зохицуулалт Улс төрийн намын болон Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуульд энэ мэтээр нэлээд байгаа тул дарагдаад байна.
...Та бид өнгөрсөн 30 жилийн сургамждаа дүгнэлт хийж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Эл өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болохоор тусгайлан заасан. Энэ нь ээлжит сонгуулийн дараагаас эрх зүйн өөрчлөлтүүд бодитой хэрэгжиж эхлэх агуулгыг бодож, хаврын чуулганаар шийдвэрлэхээр хугацааг тооцсон шийдэл байсан. Хаврын чуулганаараа бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” олон чухал хуулийг эрэмбэ, дараатай хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь гарах юм. Үр дүнд нь шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн монгол төр төгөлдөрших ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаатай нийцүүлж, сонгуульд олонх болсон намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдохоор Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр Үндсэн хуулийн 3.1-тзаасанчлан ард түмэн гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дам сонгох эрх эдлэх болно. УИХ-ын сонгуулийн агуулга өргөжиж, гүйцэтгэх Засгийн тэргүүнээ зарлаж, ил тод өрсөлдөх замаар ард иргэд Засгийн газрын тэргүүнээ гишүүдээр дамжуулж, шууд бусаар сонгодог болно. Энэ бол парламентын засаглалтай улсуудын нийтлэг жишиг, ардчилал амилсан нийтлэг, үндсэн зарчим нь юм. Ард түмнээс мандат авсан Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлж тогтвортой, хариуцлагатай ажиллах хууль, эрх зүйн орчин ингэж бүрдэх учиртай. Энэ бүхэн нэг цогц өөрчлөлт болсноор ардчилал төгөлдөршиж, тогтвортой засаг, хариуцлагатай төр төлөвшинө. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн ардын зүйр үг бий. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхэлсэн эрх зүйн хувьсгалыг төгс төгөлдөр хэрэгжүүлэхийг эрхэм гишүүдээсээ хүсье...
2020.04.06 УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс
...Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа өөр нэг чухал асуудал бол улс төрийн намын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилт болоод байна. Улс төрийн нам, бизнес, төр хоорондын зүй бус нөлөөллийн зам мөрийг засаж байгаа гол хүчин зүйл нь намын санхүүжилттэй холбогдож байгааг хүлээн зөвшөөрч, таслан зогсоох шаардлагатай. Төрийн байгууллагын төсөв ил тод болсны адилаар намуудын төсөв, санхүүжилт ил тод, шилэн болох цаг нь болжээ. Энэ чиглэлээр Ц.Мөнхцэцэг нарын гишүүд хуулийн төсөл боловсруулж, намуудын төлөөлөлтэй хамтран уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байгаа. Гишүүд энэ чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай...
2021.10.01 УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс
...2022 он бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн чухал цаг хугацаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийх эрх зүйн шинэтгэлд ч шинэ он чухал байр суурь эзэлнэ. Улс төрийн намын болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг эхний хагас жилд багтаан өргөн мэдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид идэвхтэй ажиллах хэрэгтэй...
2022.01.18 УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс
...Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолд нэн тэргүүнд хэлэлцэн батлах ёстой 31 томоохон хууль багтсанаас бид 14 хууль баталж, хоёр хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа. Үндэсний баялгийн сангийн, Улс төрийн намын санхүүжилтийн, Ерөнхийлөгчийн, Хот, тосгоны эрх зүйн байдлын болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бусад хуулийн төсөл батлагдаагүй үлдээд байна. Нэн тэргүүнд батлах ёстой эдгээр хуулийн зарим нь одоо хүртэл өргөн баригдаагүй байгааг сануулъя...
2022.03.15 УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс гарч
Угтаа сонгуулийн тогтолцоо нь хэчнээн боловсронгуй, төгс байлаа ч тэндээс сонгогдох хүмүүсийг нь нэр дэвшүүлж байгаа намууд нь бохир бол ямар хууль тогтоогчид төрийн эрх барих дээд байгууллагад тухлах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн тоо хэд байх, сонгуулийнтогтолцоог холимог болгох, эсэхээс үл хамааран Улс төрийн намын тухай хуулиа шинэчилж, сайжруулмаар байна, эрх баригчид аа. Улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан холбогдож буй асар их мөнгө, авлигын хэргийн томоохон оролцогч нь улс төрийн нам болж, түүн рүү урсаж, бас гарч байгаа нь нэгэнт нууц биш байгаа нь үе үеийн эрх баригчид хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэхээс үргэлж хойш сууж ирсний үндсэн шалтгаан болохыг ойлгох хэрэгтэй. Намын санхүүжилтийг бодитойгоор шилэн болгож байж л бид хянаж чадна. Улмаар төрийн үйл ажиллагаа тунгалаг болж, санхүүжилтээр нь дамжуулан жендерийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд гээд нийгмийн бүлгүүдийн оролцоог хангах юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард намрын ээлжит чуулганыг хаахдаа “Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, заавал “амилуулах” шаардлагатай 17 хуулийн төслийг өргөн бариагүй байна. Улс төр, засаглалын чиглэлээр Улс төрийн намын, Авлигатай тэмцэх, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай багц хууль үүнд багтажбайна. Эдгээр хууль Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлторуулснаас хойш дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж эхлэх ёстой” хэмээнэ лээ. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш тэрбээр энэ талаар ёс шиг ярьж, тоть мэт давтаж байгааг ээлжит чуулганыг нээж, хаахдаа хэлсэн үгнээс нь харж болно. Харамсалтай нь, дөрвөн жил нь дөхөж, бүрэн эрхийн хугацаа нь дуусах тийшээ хандан, дараагийн сонгууль хаалга тогшиж байна. Үнэндээ энэ мэтээр “матрын нулимс” унагаж, улиглаад буйгаас бус, улс төр, засаглалын орчныг сайжруулж, эрх зүйн орчныг шинэчлэхэд тустай, тоотой хэдхэн хуулийг баталъя гэсэн чин хүсэл, эрмэлзэл эрх баригчдад бий, эсэхэд нь эргэлзэж байна. Ер нь тэгээд ч “30 жилээ дүгнэж байна” гээд гурван жил гаруйн өмнө баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдээс УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн сайдаар ажиллах хязгаарлалт зэрэг заримаас нь татгалзан, хүчингүй болгож, өдгөө дахин гар хүрэх, бүр цаашлаад халж “хаячихаад”, шинээр батлах санаа цухалзуулж, тандах маягтай байгаа тэдэнд Улс төрийн намын болон Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай багц хуулийг урагшлуулах бодол бараг байхгүй биз. Магадгүй эрэмбэ, дараагаар нь яривал тэргүүн ээлжид хэлэлцэх ёстой эдгээр хуулийн төслийг МАН-ынхан удаа дараа хойш тавьж, өмнөх өөрчлөлтийн үр дүнг нь үзээгүй байж Үндсэн хуулиас өө хайн, гар хүрч болох арга саам сэдээд буй нь үнэмлэхүй олонхдоо эрдсэнийх байлгүй. Шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн төртэй болгож, төгөлдөршүүлнэ гэж амласан ч хийх ёстойгоо хийгээгүй тэднээс ихийг хүлээх нь илүүц бололтой.