Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яамныхаа удирдлагуудын хамт өчигдөр Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, асуултад нь хариулав. Энэ онд өндөр, дээд түвшинд 40 гаруй айлчлал хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
-Орос, Украины дайнтай холбоотойгоор манай улсад ямар нэгэн дарамт, шахалт ирсэн үү. Манай улс энэ асуудлын улмаас НҮБ-ын санал хураалтад нэг бус удаа түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн шүү дээ.
Б.БАТЦЭЦЭГ: -Бидний хувьд бодитой дарамт, шахалт ирсэн зүйл үгүй. Түдгэлзсэн санал өгөхдөө ОХУ, БНХАУ болон гуравдагч хөрш орнууд, олон улсын байгууллагуудтай тогтмол ярилцаж, зөвшилцдөг. Жишээ нь, нөхцөл байдлаа гуравдагч хөршүүддээ байнга тайлбарлаж ирсэн. Тусгаар тогтносон улсын хувьд аюулгүй байдлаа дипломат аргаар яаж хамгаалах вэ гэдэг нь Гадаад харилцааны яамны үндсэн үүрэг, ажил нь шүү дээ.
-Цэрэг татлагаас зугтаж ОХУ-аас Монголд орж ирсэн иргэд, тэдэнд ирээд юу хийж буйднь хяналт тавьж чаддагуу?
-Төрийн олон байгууллага, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсэг үүнийг бүрэн хянаж байгаа. Орж ирсэн хүмүүс нь хугацаандаа гарч буй талаарх мэдээллийг өдөр бүр авдаг.
-Монгол Улсын иргэд визгүй зорчдог орны жагсаалтаас зарим улсыг хассан тухай мэдээлэл саяхан нийгмийн сүлжээнд гарсан. Үнэн үү?
Б.БОЛД (Консулын газрын захирал): -Вьетнам улс руу дипломат албан паспорттой иргэд визгүй зорчдог. Энгийн иргэд визгүй зорчдог байсан гэх мэдээлэл нь худлаа. Индонез улсын хувьд дэлхийн 160 гаруй орны иргэдийг аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчуулж байсан ч 2021 оноос буюу цар тахлын улмаас зогсоосон. Казахстан руу бүх төрлийн паспорттой иргэд хэвийн зорчиж байгаа.
-Туркт 100 гаруй иргэн хоригдож байгаа гэх мэдээлэл байна. Зарим нь хагас жил хүртэл хугацаагаар тэнд байгаа гэнэ. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Ийм мэдээлэл одоогоор алга. Ийм олноор хоригдож байгаа бол бид холбогдох мэдээллийг хэдийн авсан байх ёстой.
-Шинэ Үндсэн хуулийн төсөл гээч зүйлийг гадаадын Элчин сайдын яамд руу илгээсэн тухайд юу хэлэх вэ?
Б.БАТЦЭЦЭГ: -Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дээрх төслийг Элчин сайдын яамд руу илгээсэн талаарх мэдээллийг бид хэвлэлээс олж мэдсэн. Засгийн газар, ер нь төр, засгийн албан ёсны шийдвэрийг шаардлагатай бол Гадаад харилцааны яамаар дамжуулан Элчин сайдын яам руу илгээдэг. Өөрөөр хэлбэл, бид тус төслийг илгээгээгүй, мэдээгүй. Харин зарим Элчин сайдын яамны зүгээс ийм төсөл хүлээн авснаа манай яам руу мэдэгдэж, лавлахад “Засгийн газрын байр суурь биш” хэмээн тодотгож, хариулсан. Ер нь аливаа улс оронд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг нь дипломат төлөөлөгчийн газар, удирдлага нь хүлээн авч уулзаж, саналыг нь сонсдог жишиг бий.
-ОХУ-д болж буй цэрэг татлагатай холбоотойгоор Халимагийн залуучуудын төлөөлөл Казахстанд очиж, манай Засгийн газарт хандсан гэх мэдээлэл бий. Үүнийг тодруулахгүй юу?
Б.БОЛД: -Дайчилгаанаас зугтаж Казахстанд ирсэн халимаг иргэд тус улс дахь манай Элчин сайдад хандаж, тусламж хүссэн нь үнэн. Бидний зүгээс “Тусгай үүргийн нислэг үйлдэж, ОХУ-ын тэдгээр иргэнийг эх орондоо татан авах боломжгүй” гэх хариу өгсөн.