УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, хянан шалгах түр хорооноос зохион байгуулах, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсголын талаар мэдээлэл өгөв. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй аж. Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол ирэх сарын 6-10-нд болох бөгөөд гурван асуудал хэлэлцэх юм байна. Тодруулбал, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт, шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж, өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар 21 албан тушаалтныг гэрчээр дуудан, мэдээлэл сонсох гэнэ. 2016 онд Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувиар тус түр хорооны дарга Б.Энхбаяр ч гэрчээр оролцох гэнэ. Түүнчлэн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас санхүүжүүлсэн төслийн үр дүн, эргэн төлөлтийн талаар хэлэлцэх аж. Үүний хүрээнд 40 орчим санхүүгийн түрээсийн харилцаа үүссэнийг гишүүн Б.Энхбаяр мэдээллээ. Хянан шалгах шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр зөрчилтэй, эсвэл эргэн төлөлт хангалтгүй байгаа 10 орчим санхүүгийн түрээсийн хэлцэл бий бөгөөд холбогдох 35 гэрчийг дууджээ. Үүнээс гадна Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, хөтөлбөрийн багцуудын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ. 2012- 2016 онд Хөгжлийн банкнаас улсын төсөвт тусгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээ бий бөгөөд тэдгээрийн үр дүнг сонсох юм байна. Эдгээрээс тодруулга хийх шаардлагатай хэмээн үзэж, 43 гэрчийг дуудах бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж асан Р.Эрдэнэбүрэн, “Молор констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяа, Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Номуун, Б.Номин нарт мэдэгдэл хүргүүлэх гэнэ.
Сануулбал, таван өдөр үргэлжилсэн анхны сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгтэй дүйх “шууд зээл”-ийг 60 орчим компанид олгосон байдал, эргэн төлөлт, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдлын талаар гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг олон нийтэд нээлттэйгээр сонсож, хэлэлцсэн юм. Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Гэрчүүд ирэхгүй байвал яах вэ?
Ж.СҮХБААТАР: -Хуульд заасанчлан төрийн албан хаагчийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Иргэнд300 нэгжтэй тэнцэх торгууль тавина. Хянан шалгах түр хороо тусгайлан хуралдаж, ирэхгүй байгаа хүмүүсийг зарлаж, хариуцлага тооцох юм. Сонсголд оролцохоос зайлсхийгээд зугтаад байвал хуулийн байгууллага анхаарлаа хандуулах шаардлага үүснэ. Асуудалтай болоод л зугтаад байна гэсэн үг. Зарим нь ирээгүй ч гэсэн бичгээр шалтгаанаа ирүүлсэн.
-Өмнөх сонсголын үеэр сонсож, танилцсан баримтуудаа хуулийн байгууллагад шилжүүлсэн үү?
-Гурван удаагийн сонсголыг зохион байгуулсны дараа нэгдсэн тайлан, дүгнэлт хийнэ. Сонсголын явцад дүгнэлт хийх боломж та бүхэнд олдож байгаа болов уу.
-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүн хууль бус сонсголд оролцохгүй гэсэн.
-Хууль бус гэж үнэлэх нь тухайн хүний байр суурь.
Б.ЭНХБАЯР: -Г.Амартүвшинг хоёр дахь сонсголд ч гэрчээр дуудаж байгаа. Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага нь хяналт, шалгалтаар өгсөн зөвлөмжийн дагуу ямар арга хэмжээ авсныг нь асууна. УИХ-ын гишүүн, жирийн иргэн ч бай ялгаагүй сонсголд ирж нотолгоо, залруулга хийх боломжтой. Үүнийг ашиглах, эсэх нь тухайн хүний хэрэг. Нөгөө талаас цагдаа, шүүхийн шийдвэрийг ашиглаад ч болов ирэхгүй байгаа гэрчүүдийг авчир гэж ярих хүмүүс бий. Ингэвэл УИХ шүүхийн үйл ажиллагаа явуулсан болно. Энд бид парламентын хяналтыг хэрэгжүүлж байна.
-АН-ын гишүүдийг л “шүүгээд” байна гэх шүүмжлэлийн тухайд юу хэлэх вэ?
-Хөгжлийн банк зээлийнхээ 90-ээс дээш хувийг 2012-2016 онд гаргасан. Энэ үед АН засаглаж байсан учраас ингэж харагдах нь зүй ёсных. Иргэд, сонгогчид өөрсдийнхөөрөө дүгнэж, анхаараасай.
Бэлтгэсэн Б.Уран