Манай улс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг 2016 оноос мөрдөж эхэлсэн. Энэ нь далд эдийн засгийг ил болгох, бараа, үйлчилгээ бүрийг бүртгэлжүүлэх, улмаар эцсийн хэрэглэгчид татвар ногдуулах зорилготой. Үүний үр дүн ч биелэн, жил ирэх бүр татварын орлого, түүн дотроо НӨАТ-ынх өссөөр байгаа. Тухайлбал, 2021 онд НӨАТ-ын орлогын хэмжээ 2.8 их наяд төгрөгөөс давсан бол өнгөрсөн жил 3.9 их наядад хүрч жилд 38 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Түүнчлэн НӨАТ-ын буцаалтад иргэд, аж ахуйн нэгжүүдэд 2020 онд 348, 2021 онд 294, өнгөрсөн жил 331 орчим тэрбум төгрөг олгосон дүн бий. НӨАТ-ын буцаан олголтыг худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувиар тооцдог. Тэгвэл зарим иргэн, аж ахуйн нэгж буцаан олголтын хэмжээ нь хоёр хувьд хүрдэггүй хэмээж байгаа.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн Ч.Машлай “Өнгөрсөн улиралд би 80 гаруй и-баримт бүртгүүлж, 1 967 139 төгрөгийн үнэ бүхий бараа, үйлчилгээ худалдан авсан. Үүний буцаан олголтод 36 400 орчим төгрөг авсан. Уг нь 1.9 сая төгрөгийн хоёр хувь нь 39 300 гаруй болох ёстой ч 3000 төгрөг дутуу өгсөн. Өмнө нь и-баримтын буцаалтын хувь хэмжээ, худалдан авалттайгаа тохирч буй, эсэхийг магадалж үздэггүй байв. Харин нарийн бодож үзвэл иргэд, аж ахуйн нэгжүүдийн авбал зохих дүнгээс багыг өгдөг юм байна. Цөөнгүй хүн надтай санал нийлсэн” гэж ярилаа. Баянгол дүүргийн VI хорооны иргэн Б.Тунгалаг “Зарим хүн НӨАТ-ын буцаалтын хэмжээ хоёрт хүрэхгүй, 1.7-1.8 хувьтай байгааг цахим орчинд дурдсан нь бодитой юм билээ. Би энэ он гарснаас хойш 22 и-баримт бүртгүүлж, 655 713 төгрөгөөр бараа, үйлчилгээ худалдан авчээ. Харин буцаан олголт нь 12 154 төгрөг гэнэ. 655 713 төгрөгийн хоёр хувь нь 13 114 боловч 960 төгрөг дутуу бодогдсон гэсэн үг. Энэ нь 0.2-0.3 хувиар дутуу байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ иргэд хоёр бус, үнийн дүнгийнхээ 1.7-1.8 хувийг буцаан авч байна гэсэн үг” хэмээв. Энэ талаар буюу НӨАТ-ын буцаан олголт хоёр хувьд хүрч буй, эсэх, иргэд гомдол мэдүүлсэн, үгүйг Татварын ерөнхий газрынхнаас тодруулахад “НӨАТУС буюу и-баримтын систем нь бүрэн автомат үйлдэлтэй. Программд суурилан, и-баримтыг бүртгэн, буцаан олголтыг тооцдог учраас алдаа мадаг байхгүй. Түүнчлэн НӨАТ-аас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгж цөөнгүй бий. Мөн НӨАТ суутган төлөгч биш буюу 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдэдээ зөвхөн сугалаанд оролцох эрхтэй баримт өгдөг. Тиймээс иргэдийн худалдан авалтын буцаалт үнийн дүнгийнхээ хоёр хувьд хүрэхгүй байх магадлалтай. Гол нь иргэд үйлчлүүлсэн бүх байгууллага, аж ахуйн нэгжээс и-баримт авч байж, бизнес эрхлэгчдийн борлуулалтыг бүртгэлжүүлэх юм. Улмаар аж ахуйн нэгжүүд НӨАТ суутган төлөгч болж, хоёр хувийн буцаалттай баримт олгох үндэс болно” гэлээ.
Тэгвэл аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагынхан хэзээ НӨАТ суутган төлөгч болж, иргэдийн худалдан авалтын хоёр хувийг буцаан олгодог болох вэ. Энэ талаарх ажил урагшгүй байгааг тодотгох нь зүйтэй. Тухайлбал, зарим үйлчилгээний газар, борлуулагчид и-баримт өгөхөөс татгалзан, баримт авбал үнийн дүн дээрээ 10 хувийг нэмнэ гэх нь нэмэгдсэн. Мөн огт баримт өгдөггүй бизнес эрхлэгч олон байгаа юм. Энэ талаар иргэн М.Оргилмаа “Би Баянгол дүүрэгт хүнсний найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг. Манайх 2018 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлмэгц и-баримт олгохыг дүүргийн татварын албанаас шаардан, баримт хэвлэгч өгсөн. Өдгөө манайх НӨАТ суутган төлөгч байгууллага бөгөөд орлогын 10 хувийг татварт төлдөг. Гэтэл манайхаас өндөр үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн борлуулагчид НӨАТ суутган төлдөггүй хэвээр байна. Автомашин борлуулагчид, гоо сайхны салон, үл хөдлөх хөрөнгийн наймаачид, мөн түрээсийн үйлчилгээ эрхлэгчид гээд тоочоод байвал тун олон. Заримаас нь НӨАТ-ын баримт нэхэхэд үнийн дүн дээр 10 хувь нэмж тооцоод өгнө хэмээн ил цагаан хэлдэг болж” гэсэн юм.
Үүнээс гадна иргэд и-баримтын сугалааг болиулж, буцаан олголтын хувийг нэмэх хэрэгтэй гэж олон нийтийн сүлжээнд их бичиж буй. Ийм боломж бий, эсэхийг Сангийн яамны мэргэжилтнүүдээс тодрууллаа. Тус яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн “НӨАТ төлөгчийн сугалааг болиулахад и-баримт олголт буурч, иргэд ч идэвхгүй хандаж эхэлсэн. Тиймээс сугалааг буцаан зохион байгуулж буй. Гэхдээ одоогоор НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх төлөвлөгөө байхгүй. Хэрэв нэмбэл төсөвт хүндрэл учирна. Цаашид бизнесийн үйл ажиллагаа явуулагч бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн и-баримт өгч, НӨАТ төлөгчдийн тоог олшруулж, улмаар татварын хэмжээ өсвөл буцаан олголтын дүнг нэмэх, эсэх асуудлыг ярьж болно” гэв. Эндээс харахад бид бараа, үйлчилгээ худалдаж авах тоолондоо и-баримт авч хэвших, бараа, үйлчилгээ борлуулагч бүх хүн, аж ахуйн нэгжид ТЕГ-ынхан хүрч ажиллан, баримт өгүүлж хэвшүүлэх хэрэгтэй байна. Энэ нь татварын тэгш орчин бүрдүүлж, далд эдийн засгийг ил болгох, бүртгэлийг сайжруулах нөлөөтэй. Үүнээс гадна иргэд НӨАТ-ын буцаалт нь хоёр хувьдаа хүрч байгаа, үгүйг нэг бүрчлэн шалгах шаардлагатай байна. Аль байгууллага НӨАТ суутган төлөгч биш, аль нь НӨАТ-аас чөлөөлөгдсөн гэдгийг ялган, худалдан авалтын дүн, урамшууллыг бодож үзэх нь чухал. Хэрэв төсвөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд хоёр бус 1.7-1.8 хувьтай тэнцэх мөнгө олгож байвал нийт дүндээ маш их хөрөнгө шамшигдаж буй хэрэг. НӨАТ-ын буцаан олголтод жилд дунджаар 300, сард 25 тэрбум төгрөг олгож байна гэж тооцвол үүний 0.2 хувь буюу сар бүр 50 сая төгрөг “ууршдаг” хэмээн тооцож болох нь.